Ерөнхийлөгч Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй  танилцлаа

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, тухайн салбарын өмнө тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, санал бодлыг нь сонслоо.
   “Жүр Үр” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй. Урт хугацаатай, хүү багатай зээл олгох, гааль, НӨАТ-ыг хөнгөлж, чөлөөлөх, ажил олгогчдыг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлбэл үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байраа хадгалах зэрэг давуу тал бий болох тухай  тус компанийн дэд захирал Б.Мөнхзул хэллээ. Мөн энэ үеэр архины хатуулгийн хэмжээг бууруулах Ерөнхийлөгчийн  санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байгаа илэрхийлж байв. Төрийн тэргүүн өмнө нь архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Өнөөдөр “АПУ” ХК, тус компанийн “Натур Агро”, “АПУ ложистик төв”, “АПУ Дэйри” ХХК-ийн сүүний үйлдвэр болон үндсэн үйлдвэртэй танилцах үеэр архины хатуулгийн хэмжээг жил бүр хоёр градусаар бууруулах тухай заалтыг дэмжиж байгаагаа “Шунхлай” группийн Ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Батсайхан илэрхийлсэн юм. Тэгвэл  “Хангай Милсс” ХХК-ийн “Хурх” брэндийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр  Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдгээ “Хангай Милсс” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганбат илэрхийллээ. Хамгийн гол нь дунд шатанд зөв зохион байгуулалт, сахилга, хариуцлага чухал гэдгийг  тэрбээр хэлж байлаа. Үйлдвэрлэгчдийн зүгээс дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын гаалийн татварыг 70 хувь болгох нь зүйтэй. Мөн 5-10 жилийн хугацаатай, хүү багатай зээл олгох, хивгийн экспортын тээвэрлэлтэд анхаарах, дотоодод үйлдвэрлэсэн гурилыг дамжуулан борлуулахад НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх зэрэгт төр, засгийн дэмжлэг шаардлагатай гэсэн саналуудыг Төрийн тэргүүнд дайж байлаа. Ковидоос шалтгаалсан дэлхийн  эдийн засгийн хямрал, хүнсний  хомсдол нь улмаар  үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр байгаа нь сүүлийн үед улам тод болж байна. Иймд Ерөнхийлөгч хүнс, хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо 100 хувь хангадаг байх хэрэгтэй хэмээн санаачилга гаргаад байгаа. Үүний эхлэл болгож, үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж, үйлдвэр аж ахуйн газруудтай ийнхүү танилцлаа. Үүний мөрөөр асуудлыг цогцоор шийдсэн зарлиг гаргах болов уу гэсэн хүлээлт   үүслээ.
Хуваалцах