"Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний кластерын ангилал тооцох журам"-д санал авч байна

Төсөл

 

ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны ..... сарын .....-ны

өдрийн ......... дугаар тушаалын хавсралт

 

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КЛАСТЕРЫН

АНГИЛАЛ ТООЦОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (цаашид хууль гэх)-ийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасны дагуу кластерын оролцогч талууд болон кластерын ангилал тооцох аргачлалыг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Кластерын байгууллага ба оролцогч талууд

 

2.1. Кластерын байгууллага нь хуулийн этгээд байх бөгөөд кластерын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор мэдлэг, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйлчилгээ үзүүлэхдээ бүтээмжийн болон инновацын үйл ажиллагааг идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэхээс гадна кластер хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх холбогчийг хэлнэ.

 

2.2. Кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжигч мэргэшсэн нийлүүлэгчид, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, боловсролын байгууллага, санхүүгийн байгууллага, салбарын мэргэжлийн холбоод болон төрийн захиргааны байгууллагууд кластерын оролцогч байж болно.

 

2.3. Дараах нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжийг кластерын гишүүн гэнэ. Үүнд:

2.3.1 Кластерын алсын хараа, эрхэм зорилго, стратеги, брэнд, инновацын туршилтын төсөл хэрэгжүүлэхэд өөр өөрийн тодорхой хариуцсан үүрэгтэй;

2.3.2 Бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийн сүлжээний дагуу хамтран ажиллаж буй гурав ба түүнээс дээш нэгдмэл сонирхолтой хуулийн этгээд;

2.3.3 Кластерын оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагаа, үүрэг, хариуцлагыг зохицуулсан хамтын ажиллагааны гэрээтэй;

 

Гурав. Кластерын ангилал тооцох аргачлал

 

3.1. Кластерын ангиллыг тооцох аргачлалыг эдийн засгийн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн байршлын чадамж буюу LQ (Local Quotient) болон борлуулалтын орлогын жилийн нийлмэл өсөлтийн хувь (CAGR) гэсэн үзүүлэлтүүдийг ашиглан тодорхойлов.

3.2. Кластерын өөрчлөлтийг жил бүр Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тооцон гаргаж, шинэчлэн үйл ажиллагаандаа тусган ажиллана.

3.3. Шинжлэх ухаан, техник, технологи, инновацийн өөрчлөлтийг харгалзан кластерын ангиллыг тооцох аргачлалыг тухай бүр шинэчилнэ.

3.4. Кластерын ангиллын тооцоололд эдийн засгийн бүх үйл ажиллагааны салбарын ангилал, барааны ерөнхий ангилал, барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн барааны ангиллыг ашиглана.

 

Дөрөв. Кластерын ангилал

 

4.1. Эдийн засгийн салбарын хөгжлийн үе шат, орон нутгийн ба бүс нутгийн хөгжлийн нөхцөл байдал, газар зүйн байршил, зорилтот зах зээлээс хамааруулан кластерыг дараах байдлаар ангилна. Үүнд:

4.1.1 Экспортын кластер

4.1.2 Үндэсний кластер

4.1.3 Аймгийн кластер

 

4.2. Экспортын кластер нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

4.2.1 Үндэсний байршлын төвлөрлийн коэффициент нь нэгээс их байна. (LQ>1)

4.2.2 Үндэсний эдийн засгийн суурь үзүүлэлтийн (инфляц, ханшийн

өөрчлөлт) нөлөөллийг тусган тооцоход кластерын гишүүдийн борлуулалтын орлого өссөн байна.

4.2.3 Үндэсний эдийн засгийн суурь үзүүлэлтийн (хөдөлмөрийн оролцоо, хөдөлмөрийн бүтээмж) нөлөөллийг тусган тооцоход кластерын гишүүдийн ажиллагсдын тоо хэвийн эсвэл өссөн байна.

4.2.4 Кластерын гишүүд нь сүүлийн 5 жилийн борлуулалтын дундаж орлогын 20-оос доошгүй хувьд ногдох бүтээгдэхүүнийг экспортолсон байна.

4.3. Үндэсний кластер нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

4.3.1 Тухайн бүс нутгийн байршлын төвлөрлийн коэффициент нь нэгээс их байна. (LQ>1)

4.3.2 Бүс нутгийн эдийн засгийн суурь үзүүлэлтийн (инфляц, ханшийн өөрчлөлт) нөлөөллийг тусган тооцоход кластерын гишүүдийн борлуулалтын орлого өссөн байна.

4.3.3 Бүс нутгийн эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн (хөдөлмөрийн оролцоо, хөдөлмөрийн бүтээмж) нөлөөллийг тусган тооцоход кластерын гишүүдийн ажиллагсдын тоо хэвийн эсвэл өссөн байна.

4.3.4 Бүс нутгийн ААН нь тухайн кластерын гишүүн байх ба бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусад аймаг, нийслэлд борлуулдаг байна.

4.4. Аймгийн кластер нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

4.4.1 Тухайн аймгийн байршлын төвлөрлийн коэффициент нь нэгээс бага байна. (LQ<1)

4.4.2 ААН нь тухайн кластерын гишүүн байх ба бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусад аймгуудад борлуулдаг байна.

 

Тав. Журмын хэрэгжилт, зохион байгуулалт

5.1. Кластерын ангиллын дагуу аж ахуйн нэгжүүдийн өртгийн сүлжээний мэдээллийн сан үүсгэж, санд мэдээлэл ирүүлэх, цуглуулах, эрхлэн хөтлөх, боловсруулах, хянах, ашиглах, хамгаалах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагааг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэн ажиллана.

5.2. Энэхүү мэдээллийн сангийн тусламжтайгаар кластерын хөгжил, бүтэц,  оролцогсдын чиг үүрэг, тэдгээрийн худалдааны болон орлогын урсгалын чиглэлийг тодорхойлох, кластерын нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх, тэдгээрийн чадавхыг бэхжүүлэх, үйлчилгээг дэмжин ажиллана. 

5.3. Кластерын хөгжлийн бодлогод өртгийн сүлжээний нэгдсэн санг бүрдүүлэх, өргөтгөх, шинэчлэх, ашиглахад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас мэргэжлийн зөвлөгөө, техникийн туслалцааг авч ажиллана.

5.4. Кластерын ангиллын мэдээлэлд аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорооны шаардлагатай тоон өгөгдлийг ашиглана.

 

   

Хавсралт 1.

 

Хавсралт 1. Кластерын ангиллыг тооцоолох аргачлал.

 

 

Тус журмын 3.1 заасан аргачлалыг ашиглан хөдөлмөр эрхлэлтийн байршлын төвлөрлийн коэффициент (LQ) болон борлуулалтын орлогын жилийн нийлмэл өсөлтийн хувь (CAGR) гэсэн үзүүлэлтүүдийг ашиглан тодорхойлно.

Хөдөлмөр эрхлэлтийн байршлын төвлөрлийн коэффициент нь тухайн бүс нутаг, эсвэл кластерыг улсын хэмжээтэй харьцуулахад тухайн бүс нутаг дахь эдийн засгийн үйл ажиллагааны төрөлжилтийг илэрхийлдэг аргачлал юм.

Жилийн нийлмэл өсөлтийн хувь нь кластерын дунд болон урт хугацаан дахь борлуулалтын орлогын зэрэгт дэвшүүлсэн дундаж өсөлтөөр илэрхийлэгддэг утга юм. Жилийн нийлмэл өсөлтийн хувийг тооцохдоо ҮСХ-ны жил бүрийн статистик өгөгдлөөс аймгуудын ДНБ-ийг зах зээлийн үнээр тооцсон үнийн дүнг авч ашигласан бөгөөд инфляцын нөлөөг арилгах зорилгоор 2015 оныг суурь он болгон аймаг тус бүрийн хэрэглэгчийн үнийн индексээр засварлав.

 

 

Хүснэгт 1. Аймаг, нийслэлийн эдийн засгийн төрөлжилтийн түвшин, 2019 он

 

Засгийн газрын  9/А байр 303 тоот, ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтэс
Утас: 51-262913
Мэйл хаяг: e.munkherdene@sme.gov.mn

Хуваалцах