АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Балжинням нар өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэд захирал ноён Стийв Уинкейтс, Төслийн менежер З.Оргилмаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Хөгжлийн шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, төсөл хэрэгжсэнээр гарч байгаа үр дүн, төсөл дуусах хүртэлх хугацаанд анхаарвал зохих асуудлын талаар хэлэлцлээ.

“BEST” хөтөлбөр нь 2019 онд үүссэн ЖДҮ-тэй холбоотой асуудлыг ил тод болгох, дүрэм журмыг шинэчлэх, зээлийг жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд олгоход томоохон түлхэц үзүүлсэн бөгөөд гадны хамтын ажиллагааны төслүүд дундаас хэрэгжилт, үр дүн сайтай төсөл болохыг онцлоод “BEST” хөтөлбөр зээлээ зарлах, аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулах, сонгон шалгаруулалт ил тод болоход анализ дүгнэлт хийх зэрэг олон чухал боломж бий болгосныг дурдаж байлаа.

Түүнчлэн хөтөлбөр хэрэгжилтийн явцад зээл олгох талаар 15,000 аж ахуйн нэгж, хувь хүнд төсөл бичих талаар мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх, “Бүтээлч CEO” захирлуудын клуб байгуулан тогтмол мэдээлэл солилцож, компанийн засаглал, санхүү, менежмент болон компаниа хэрхэн зөв төлөвлөж удирдах талаар чадавхижуулах сургалт зохион байгуулж, томоохон үйлдвэрлэгч компаниудад зочлон харилцан туршлага судлах аялал зохион байгуулсан байна.
Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай гарын авлага нэвтрүүлэх, кластер хөгжүүлэх судалгаа хийхэд тусалж дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэгчдийг үзэсгэлэн худалдаанд оролцуулах зэргийг түлхүү зохион байгуулж байгуулсан бөгөөд АТГ-аас гаргадаг “Төрийн байгууллагуудын ил тод байдлын үнэлгээ”-нд 2022 онд 1-р байранд орсон нь ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулалтыг ил тодоор хийдэг болсон зэрэг өргөн хүрээтэй ажлуудад BEST хөтөлбөр ихээхэн хувь нэмэр оруулсныг онцоллоо.
“BEST” хөтөлбөрийн цаашдын хэрэгжилтэд доорхи асуудлуудыг илүү анхааран ажиллах талаар талууд санал нэгдлээ.
- Санхүүжилтийг хүртээмжтэй болгохын тулд зээл олголтын зөв схемийг тодорхойлох, олон улсад хэрэгжсэн сайн туршлага, арга аргачлалыг нэвтрүүлэх, чадавхижуулах ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
- Зээл аваад эргэн төлөлтөө хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд зээлээ эргэн төлөхийн ач холбогдлыг ойлгуулах, алдаж буй асуудлыг тодорхойлон, түүнийг засах талаар чиглүүлэх, чадавхижуулах тал дээр хамтран ажиллах, гамшгийн нөхцөлд төлж чадахгүй байсан аж ахуйн нэгжүүддээ дахин зээл олгож, хөл дээр нь босгоход туслах чиглэлд хамтран ажиллах,
- ЖДҮ эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох хөтөлбөрийг хамтран зохион байгуулах,
- ЖДҮ эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих, түнш олох, зах зээлээ тэлэх боломж байгаа эсэхийг харах зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, оролцуулах тал дээр хамтран ажиллах,
- “БЕСТ” хөтөлбөрт хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, бойжуулах зорилгын хүрээнд тодорхой аймгуудад бизнес инкубатор төвөөс гадна бүсийн хөгжлийн төвүүд байгуулах боломж судлах,
- Төслийн цаашдын хэрэгжилтийн явц болон дараагийн төслийн төлөвлөлтөд нягт уялдаатайгаар хамтран ажиллах зэрэг юм.