МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАТВАРГҮЙ НИЙЛҮҮЛНЭ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар (2025.12.12) Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 81 гишүүний 68 нь буюу 84% дэмжжээ. Ингэснээр Монгол Улс 367 нэрийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломж бүрдлээ. Евроазийн эдийн засгийн холбооны орнуудаас Монгол Улсад үйлдвэрлэдэггүй хүнсний бүтээгдэхүүн болон хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, химийн бордоо, азотын бордоо гэх мэт 367 нэр төрлийн барааг татваргүй, эсвэл хөнгөлөлттэй тарифаар авна.
Ийм мэдээлэл хэвлэлүүдээр нийтлэгдэж, хүмүүс янз бүрээр тайлбарлаж байлаа. Энэ ямар гэрээ хэлэлцээр юм бол, ямар боломж, давуу талыг бидэнд олгох вэ, энд эсвэл ямар нэг нууц, ноцтой зүйл байна уу гэсэн болгоомжлол ч байсан. Бид "гэрээг" дэлгэрэнгүй авч үзэж, тайлбарлах болно. Үүний өмнө товч мэдээлэл хүргэх нь зүйтэй.
ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО ГЭЖ ЮУ ВЭ?
Евразийн эдийн засгийн холбоо нь /Евразийский экономический союз (ЕАЭС), The Eurasian Economic Union (EAEU)/ нэгдэн орсон (оролцогч) орнуудынхаа эдийн засгийн чадавхийг нэгтгэх зорилгоор анх байгуулагдсан БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ИНТЕГРАЦИЙН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА юм. "Евразийн Эдийн Засгийн Холбооны тухай гэрээ"- гээр энэ үйл ажиллагааг хангадаг.
ХОЛБОО ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАДАГ ВЭ?
ЕАЭЗХолбооны орнууд нь эдийн засгийн салбаруудад хамтран тохиролцсон, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, оролцогч бүрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, хамтын зах зээлээ хамгаалж, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Бараа, үйлчилгээ, хөрөнгө капитал, хөдөлмөрийн нэгдсэн зах зээлийг бий болгон, ГААЛИЙН НЭГДСЭН ТАРИФ ашигладаг тул гишүүн орнуудын хооронд бараа бүтээгдэхүүн мэдүүлэггүйгээр, засгийн газрын хяналтгүйгээр чөлөөтэй тээвэрлэгдэх боломжтой.
ЕАЭЗХ-Д ЯМАР УЛС ОРНУУД ЭЛССЭН БЭ?
ЕАЭЗХолбооны гишүүн орнууд нь Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ байна. Мөн ЕАЭЗХ-д дөрвөн улс Молдав 2018 оноос , Узбекистан, Куба улсууд 2020 оноос, Иран улс 2024 оноос ажиглагч статустай. Египет, Израиль, Энэтхэг, Хятад, Монгол, Тайланд улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн. Цаашлаад 50 орон "ЕАЭЗХ-той хамтын ажиллагаа тогтоох сонирхолтой" байгаагаа илэрхийлсэн гэж ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.Лавров хэвлэлд өгсөн яриандаа дурджээ. 
МОНГОЛ УЛС ЕАЭЗХ-Д ЭЛССЭН ҮҮ?
Монгол Улс одоогоор Холбоонд элсэн ороогүй. ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудтай худалдааны түр хэлэлцээр байгуулсан. Энэ нь чөлөөт худалдааны гэрээ байгуулсан гэсэн үг юм. Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид Евразийн 200 гаруй сая хүн ам бүхий Орос, Беларусь, Казахстан, Киргиз, Армени улсад гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортлоно. Мөн тэдгээр орнуудаас хэрэгцээт барааг татваргүй импортлоно. Эдгээр бараа бүтээгдэхүүн нэгдсэн чанар, стандартын шаардлага хангасан гэдгийг илтгэх ЕАС ( Eurasian Conformity) -тэмдэглэгээтэй болно. Тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээнд холбогдож, чадамж сайжирна. Ингэснээр араб ертөнц, Төв ази, Европын зах зээлд ойртоно гэж хэлж болно.
МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНДЫН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР
ЭНЭ "ХЭЛЭЛЦЭЭР" ОНЦГОЙ ЮУ?
"Нэг талаас Монгол Улс, нөгөө талаас ЕАЭЗХ болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хооронд чөлөөт худалдааны журам тогтоох зорилгоор Талууд хоорондын худалдааг энэ Хэлэлцээр болон ялангуяа 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 24 дүгээр зүйл зэрэг Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журамд заасны дагуу чөлөөлнө" (1.2.) Энд ЕАЭЗХ-той байгуулж буй худалдааны хэлэлцээр нь Олон улсын болон Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмын дагуу гэдгийг заасан байна. Гэрээ нь аль нэг талыг тусгайлан (тухайлбал Монгол Улсыг) бусад оролцогч улсуудаас ялгахгүй, мөн ОУ-ын хууль дүрмийн гадуур "худалдааг чөлөөлөхгүй".
ХЭЛЭЛЦЭЭРЭЭС ОЛЖ АВАХ ЭДИЙН ЗАСГИЙН БУС БУСАД БОЛОМЖ ЮУ ВЭ?
- Нэгдсэн чанарын стандарт, хэмжил зүй, ариун цэврийн шаардлага, дүрэм журам; тээвэрлэлтийн болон мэдээлэл солилцох дэд бүтэц, ил тод байдал;
"Талууд...стандартчилал, техникийн зохицуулалт, хэмжил зүй, зах зээлийн тандалт болон магадлан итгэмжлэл, туршилт, баталгаажуулалтыг хамарсан тохирлын үнэлгээний асуудал хариуцсан эрх бүхий байгууллагын хооронд хоёр талын хамтын ажиллагааг хөхүйлэн дэмжинэ" (10.2.), "Талуудын хоорондын худалдааанд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг боловсруулах, батлах болон/эсхүл хэрэгжүүлэх асуудлын талаар нэмэлт тохиролцоонд хүрч болно" (11.2.)
- Ил тод байх зарчмыг хэрэгжүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд байж, Дэлхийн стандарт заалтыг үндэслэх ёстойг заасан;
(13.2.)Талууд нь өөрсдийн гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа гаалийн байгууллагын арга хэмжээ тодорхой, нийцтэй, ил тод байх нөхцлийг бүрдүүлнэ, (13.3.)Талуудын гаалийн горим нь боломжтой бол, мөн тэдгээрийн гаалийн хууль тогтоомж, дүрэм журмыг үл зөрчих хэмжээнд, Дэлхийн гаалийн байгууллагын стандарт заалтууд болон практик зөвлөмжийг үндэслэсэн байна.
• Гаалийн горим, арга ажиллагаанд орчин үеийн техник, технологи, стандарт, зохицуулалтын механизмууд, менежмент нэвтрэх, цахимаар мэдээлэл баримт бичиг солилцох, барааг түргэн шуурхай хил нэвтрүүлэх;
(13.6.) "Талууд тэдгээрийн хоорондын худалдааг хөнгөвчлөх үүднээс барааг түргэн шуурхай олгоход чиглэсэн гаалийн горим, арга ажиллагаа баталж, эсхүл тийм горим, арга ажиллагаатай бол цаашид үргэлжлүүлэн мөрдөнө. Энэ нь аль нэг Талын бараа олгоход тавьсан шаардлага хангагдаагүй тохиолдолд уг барааг олгохыг тухайн Талаас шаардаагүй болно", 13.7. (a) "Талуудын гаалийн хууль тогтоомж, дүрэм журамд өөрөөр зааснаас бусад тохиолдолд барааг гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагаас илүүгүй хугацааны дотор олгохоор заах; (b) бараа ирмэгц түргэн шуурхай олгох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гаалийн мэдээллийг бараа ирэхээс өмнө цахимаар илгээх болон боловсруулах журам батлах, эсхүл тийм журамтай бол цаашид үргэжлүүлэн мөрдөх; (c) хяналт шалгалтыг өндөр эрсдэлтэй бараанд төвлөрүүлэх, бага эрсдэлтэй бараанд хамаарах гаалийн арга ажиллагааг хялбарчлах зорилгоор эрсдэлийг системтэй үнэлэх боломжтой эрсдэлийн удирдлагын системийг хэрэгжүүлэх" , (14.8.) "Талууд гаалийн горим хэрэгжүүлэх ажлыг хөнгөвчлөх, мөн гаалийн хууль тогтоомж, дүрэм журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Талууд хооронд худалдаалсан бараатай холбоотой мэдээллийг Талуудын гаалийн байгууллага хооронд тогтмол солилцох (цаашид "мэдээллийг цахимаар солилцох" гэх) арга хэмжээ авч хэрэгжүүлж болно."
ОРОЛЦОГЧ ОРНУУДЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАГДАХ УУ?
Тухайлбал, 17-р зүйлд. "…энэхүү хэлэлцээрийн заалтууд нь: (a) задруулснаар аюулгүй байдлын нэн чухал ашиг сонирхолд нь харшлах аливаа мэдээллээр хангахыг аль нэг Талаас шаардахгүй; ....эсхүл (b) аюулгүй байдлын эн тэргүүний ашиг сонирхлоо хамгаалахад шаардлагатай гэж үзсэн аливаа үйлдэл хийхэд нь аль нэг Талд саад болохгүй; (i) Цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ордог материалтай холбогдох; (ii) зэвсэг, техник, түүний сэлбэг хэрэгсэл; (c) энх тайван, аюулгүй байдлыг тогтоох тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд аливаа үйлдэл хийхэд аль нэг Тал саад болохгүй. 21.2. Тал тус бүр энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтэнд ноцтой нөлөөлөх, эсхүл энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд нөгөө Талын ашиг сонирхолд ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэх аливаа арга хэмжээний талаар аль болох боломжит хэмжээнд нөгөө Талд мэдэгдэнэ", (23.9.) Талууд дотоодын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хувийн мэдээллийг хамгаалах, түүний дотор хувийн мэдээллийг хил дамнуулан дамжуулахтай холбогдох нөхцөл, шаардлагыг хангах арга хэмжээг баталж, хэрэгжүүлнэ" гэж заажээ.
25 дугаар зүйл. ХАВСРАЛТ 1. ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ТАРИФЫН ЖАГСААЛТ" - тай танилцана уу?
Энэ жагсаалт бол Монгол Улсаас ЕАЭЗХ-ны орнууд уруу тарифын хөнгөлөлттэй экспортлох барааны жагсаалт. 367 нэр төрлийн барааг татваргүй нийлүүлнэ гэж ойлгож болно. Эндээс 3 нэр төрлийн бараа буюу амуугаар исгэсэн шар айраг, цагаан архийг "үндэсний нэн тааламжтай нөхцлөөс 25%" бууруулах, бяслагийн хувьд "үндэсний нэн тааламжтай нөхцлөөс 50% бууруулах" гэж зааснаас бусад 364 нэр төрлийн бараа 0% тарифтай буюу татваргүй нийлүүлэх боломжтой.
367 нэр төрлийн бараанд мах, махан бүтээгдэхүүн, өөх тос, тос, дайвар бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, жимс, зөгийн бал гэх мэт жагсаалтын 1-ээс 71 хүртэл буюу 71 нэр төрлөөр; шар айраг дарс, архи, савласан хоол, хуурай хоол, муур, нохойн хоол, ус ундаа, гурил, давс гэх мэт бүтээгдэхүүн жагсаалтын 84 хүртэл, зэс, цагаан тугалга, гянт болдын хүдэр, баяжмалууд, бордоо, шампунь саван гэх мэт гоо сайхны бараа үргэлжлээд, жагсаалтын 100 дугаараас арьс шир, илгэ, савхи тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн 40 орчим нэр төрөл; үс, ноос, хялгас, үслэг эдлэл, ноолуур, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн, утас, ээрмэл гэхчлэн 208 дугаар хүртэл, төрөл бүрийн хөвөн, оёмол, материалан болон сүлжмэл хувцас зэрэг нь 345 дугаар хүртэл, гутал, малгайн эсгий бэлдэц, малгай, катодын зэс, модон гэж үргэлжлээд 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг жагсаалт байна.
Хавсралт 2. МОНГОЛ УЛСЫН ТАРИФЫН ЖАГСААЛТ. ЕАЭЗХолбооноос татварын хөнгөлөлттэй импортлох 367 нэр төрлийн барааны жагсаалт.
Эдгээрт будаа, элсэн чихэр, иогурт, масло, тос маргарин, рашаан ус, шар айраг, дарс, хийжүүлсэн дарс, усан үзмийн бусад шүүс, цагаан архи ,янжуур, улаан буудайн шахдас гэх мэт хүнсний 90 нэр төрөл, боловсруулсан гөлтгөнө, хөнгөн тос бэлдмэл, хүхрийн хүчил, фосфорын хүчил, хромын гуравч исэл, натрийн кальцийн ханасан исэл, аммонийн нитрат, азот, фосфор, калийн гурван тэжээлийн элемент агуулсан эрдэс буюу химийн бордоо, цавуу, тэсрэгч бэлдмэл (дарь орохгүй), хортон шавьж устгагч, ургамлын өсөлт зохицуулагч бэлдмэл, будаг лак арилгагч, лак, хөлдөлтөөс хамгаалах бэлдмэл, цемент зуурмаг бетоны нэмэлт материал, полипропелин гэхчлэн гэх мэт хими технологийн, аж үйлдвэрлэлийн бэлдэц бүтээгдэхүүн 154 дугаар хүртэл, шатах тослох материал, ариутгагч халдваргүйжүүлэгч бэлдмэлүүд, төмөр модон туузан хавтан, хуудас, ХАА, бусад тусгай зориулалтын машин механизм, агро техникийн тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, сэлбэг, төмөр олс, оосор, шил, шат, хаалт, тулгуур, гулдмал хуйлмал шаарган хөвөн, чулуун хөвөн гэхчлэн барилгын материалууд 212 дугаар хүртэл, кран цамхаг, хаалга, цонх, барилгын угсардаг шат, гүний уурхайн бэхэлгээний зориулалттай төхөөрөмж гэх мэт тоног төхөөрөмжүүд 230 дугаар хүртэл, томсон утас, олс, кабль, бутлуур, хадаас, татуурга, тав, шураг, тээглүүр, хөргөгчний шингэн тос, насосууд, ус шүүх цэвэрлэх машин, лифт, чингэлэгт өргүүр, шанагатай ачигч, хураах цуглуулах комбайн, бүрэн автомат машин, шүдэт араа, гинжит араа, тэдний салангид элементүүд гэх тусгай зориулалтын техник хэрэгсэл; статик хувиргагч, цахилгаан дамжуулагч, дохиоллын төхөөрөмж, электроникийн конденсаторууд, автомат таслагч, сэлгүүр, их хүчдэлийн цахилгаан дамжуулагч гэх мэт цахилгаан, электроникийн эд ангиуд, дизель хөдөлгүүр, цахилгаан мотортой бусад тээврийн хэрэгсэл, өөрөө буулгагч автосамосвал, гал унтраах машин, тоормоз түүний эд анги, дугуй, обуд, чиргүүл, ачааны чиргүүл, хөдөө аж ахуйн зориулалттай өөрөө ачигч, өөрөө буулгагч чиргүүл гэх мэт хүнд машин механизм жагсаалтын 362 хүртэл үргэлжилж модон, төмөр тавилга, гал тогоо, унтлагын өрөөний модон тавилга нэмэгдээд нийт 367 нэр төрлийн бүтээгдэхүүн жагсаажээ.
Эдгээрээс, хүнсний 10 нэр төрлийн бүтээгдэхүүнд тоо хэмжээ, болон тарифын хөнгөлөлтийн хязгаарыг заасан. Тухайлбал, нунтаг, үрлэн, хатуу сахар амтлагчийн хольцгүй иогуртанд, 1500 тонн хүртэл 0% тариф тогтоосон буюу үүнээс дээшилбэл тарифын татвар тогтооно гэсэн үг. Цөцгийн тос, шинэ бяслаг, шар сүүнээс гаргасан бяслаг, аарц , хайлмал бяслаг, бяслагийн төрлүүдэд 50% бууруулах гэсэн хөнгөлөлт үзүүлж, үрийн цай, тахиа зэрэгт хэмжээ заасан байна. Энэ нь тэдэнтэй өрсөлдөж болохуйц дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилготой. Тарифын хөнгөлөлттэй, квоттой барааны жагсаалт үзнэ үү.
Хавсралт 3. ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ-д бараа бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох, тооцох , эсхүл үл тооцохыг заажээ.
Гарал үүслийн шалгуурыг заахдаа (3.3)"...дараах тохиолдолд аль нэг Талын гарал үүсэлтэй гэж үзнэ: (а) тухайн Талд бүрэн гаргаж авсан буюу үйлдвэрлэсэн; b) зохих гарал үүсэлгүй материал ашиглан тухайн талд үйлдвэрлэсэн. Гэхдээ уг материалын өртөг тухайн барааны FCA үнийн 50 хувиас хэтрэхгүй, эсхүл уг материалд наанадаж Уялдуулсан Системийн тарифын зүйлийн түвшинд өөрчлөлт орсон байна; эсхүл (c) зөвхөн нэг буюу хэд хэдэн Талын гарал үүсэлтэй материалаар тухайн Талд үйлдвэрлэсэн."
(4 зүгээр зүйл) "...дараах барааг аль нэг Талд бүрэн гаргаж авсан, эсхүл үйлдвэрлэсэн гэж үзнэ" гээд а-m хүртэл дугаарлан категорилж өгсөн. (5 дугаар зүйл) -ээр зохих гарал үүсэлгүй материалын өртгийн хувийг тооцоолох томъёог өгсөн. Цаашлаад хангалттай бус үйлдвэрлэл буюу боловсруулалт, нийлмэл гарал үүсэл, үл тооцох хувь зэргийг 8 дугаар зүйл хүртэл, 9 дүгээр зүйлд барааг дагалдах хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэл, зааварчилгаа буюу бусад мэдээллийн материалын гарал үүслийн тодорхойлох тухай, 10 дугаар зүйлээс жижиглэн худалдаалах баглаа боодлын материал болон хайрцаг савыг бараатай нь хамт ангилсан бол ижил гарал үүсэлтэй гэж үзэх тухай, бараа тээвэрлэх зориулалттай баглаа боодлын материал хайрцаг савыг тухайн барааны гарал үүслийг тодорхойлоход тооцохгүй гэхчлэн, иж бүрдэл, засврын бараа, туслах материал зэргийг хэрхэн үзэх талаар дэлгэрэнгүй, тодорхой тусгасан.
ГАРАЛ ҮҮСЛИЙГ НОТЛОХ БАРИМТ
(17.1.) "Аль нэг Тал гарал үүсэлтэй барааг аль нэг Тал руу импортлоход дор дурдсан гарал үүслийн нотлох баримтын аль нэгийг гаргаж өгсөн тохиолдолд тарифын хөнгөлөлт үзүүлнэ: (a) энэхүү дүрмийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд энэхүү Дүрмийн 19 дүгээр зүйлийн дагуу гарал үүслийн гэрчилгээ (EAM маягт); эсхүл (b) энэхүү дүрмийн 21 дүгээр зүйлд заасны дагуу үйлдсэн гарал үүслийн мэдүүлэг..." Энд гэрчилгээ, мэдүүлэг гэсэн хоёр л баримт бичиг байгааг харж байна.
ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
(19.2.)"...Гарал үүслийн гэрчилгээг тусгай заасан тохиолдлоос бусдад цаасан форматаар үйлдэнэ, (19.5.) " гарал үүслийн гэрчилгээ нь нэг ачилтын бараанд хамаарах бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон өдрөөс хойш 12 сарын хугацаанд тарицын хөнгөлөлт үзүүлэхэд хүчинтэй байна" гээд, 20 дугаар зүйл дээр гарал үүслийн гэрчилгээ олгох тодорхой тохиолдлууд, 21 дүгээр зүйлд Гарал үүслийн мэдүүлэг, 22 дугаар зүйл Жижиг алдаа гэсэн заалт оруулсан нь "… мэдээлэл бага зэрэг зөрүүтэй үед гарал үүслийн нотлох баримтыг хүчингүйд тооцохгүй", "аль нэг барааны хувьд гарсан асуудал нь...бусад бараанд нөлөөлж, саатуулах үндэслэл болохгүй" гэх мэт аль болох дэмжсэн, зөөлөн зохицуулалт байдаг ажээ. 21.2 -т "Гарал үүслийн мэдүүлэг гэдэг нь үйлдвэрлэгч, эсхүл экспортлогч тухайн бараатай холбоотой арилжааны (худалдааны) аливаа нэг бичиг баримтад барааны гарал үүслийн талаар бичсэн мэдүүлэг юм. Гарал үүслийн мэдүүлгийг англи хэл дээр машинаар бичиж, тамга дарж, хэвлэх замаар үйлдэнэ" гэжээ.
БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Талуудын засгийн газрууд тус бүрдээ итгэмжлэгдсэн байгууллага болон шалгах эрх бүхий байгууллагыг томилон ажиллуулна (26 дугаар зүйл). Мэдээллийн веб сан ашиглах, гарал үүслийн мэдээллийг цахимаар солилцох систем хөгжүүлж, нэвтрүүлэх (28 дугаар зүйл).
(28.2.) Мэдээллийн веб сан нь дараах шаардлагыг хангасан байна: (a) түүнд байгаа мэдээлэл бүрэн бүтэн, хэрэгтэй найдвартай байх; (b) түүнд байгаа мэдээлэл нь зөвшөөрөлгүй нэвтрэх, устгах, өөрчлөх, эсхүл хууль бус өөр бусад үйлдлээс хамгаалагдсан байх; (c) бүхий л цагийн турш зохих ёсоор ажиллах; (d) гарал үүслийн гэрчилгээний мэдээлэлтэй адил мэдээлэл (гарын үсэг, тамга тэмдгээс бусад)-ийг түүний олгосон өдрөөс хойш 1(нэг) өдрийн дотор уг мэдээллийн веб санд оруулах; мөн Гарал үүслийн мэдээллийг цахимаар солилцох систем (EODES) ашиглахад тавигдах бүх шаардлага болон техникийн үзүүлэлтийг тусгай Протоколд заана (28.10)
29 дүгээр зүйлд "гарал үүслийг шалгах дүрэм", 30 дугаар зүйлд "газар дээр нь шалгах", 31 дүгээр зүйлд "мэдээллийн нууцыг хамгаалах" заалтууд байна.
"ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ" - ИЙН ХАВСРАЛТАНД ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР маягтыг, гарал үүслийн гэрчилгээг бөглөх зааврын хамт оруулсан байна.
ХАВСРАЛТ 4. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ. Энэ хавсралтад арбитртай холбоотой бүх зүйл, заалтыг оруулсан. "Маргалдагч талууд харилцан тохиролцсон шийдэлд хүрэх зорилгоор энэхүү Хавсралтын 3 дугаар зүйлд дурдсан асуудалтай холбоотой аливаа маргааныг зөвлөлдөөний замаар шийдвэрлэх бүхий л оролдлогыг хийнэ" (5.1.) Өөрөөр тохиролцоогүй бол хариуцагч талын нутаг дэвсгэр дээр хийх, аливаа боломжит технологийн хэрэгслээр хийж болох тухай (5.9) заажээ. Хавсралтын 6 дугаар зүйлд сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх, зуучлах талаар заалтууд, 7 р зүйлээс 21 хүртэл арбитр, түүний үйл ажиллагаатай холбоотой дүрмүүд, Маргаан шийдвэрлэх ажиллагаа нь англи хэлээр явагдана (22) гэсэн байна.
Хэлэлцээр (гэрээ) -г бага зэрэг дэлгэрүүлэн танилцууллаа. Үйлдвэрлэгчиддээ амжилт хүсье.
Бэлтгэсэн: Оюунцэцэг Б.


