Ясны шөлний тосоор хийсэн ванны бөмбөлгийг хэрэглэсэн хүмүүс "сайн унтаж, амарч байна" гэдэг
- Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023 үзэсгэлэн Сүхбаатарын талбайд эхэллээ.
- Үзэсгэлэн худалдаа 27, 28-ныг дуустал үргэлжилнэ.
- Үзэсгэлэнд оролцогчид өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэв.
Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд болон бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулав.
Тойг, булууны ясны шөлөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Л.Ганхараа, “Би Aquila гээд тойг, булууны ясны шөлний тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Гурав дахь хүүхдээ гаргасны дараа бие өвдөөд хэвтэж байхдаа бүтээгдэхүүний санааг олсон. Манайх тойгны шөлийг 20-25 цаг буцалгаад тосоор нь хөл гараа тосолдог. Хэвтэрт орчихсон болохоор байнгын тойгны яс буцалгаад байх хэцүү байсан. Орой болохоор л хөргөгч рүүгээ хараад хэвтдэг байснаа тод санадаг. Тийм болохоор хэрэглэхэд хялбар болгох үүднээс анх тойг, булууны ясны шөлний тосоор ванны бөмбөлөг хийж байсан. Бүтээгдэхүүнээрээ тэмцээнд түрүүлэхэд их урам авсан. Хамаатнууддаа ванны бөмбөлгөө өгтөл сайн унтуулж, амрааж байна, их хөлөргөж байна гэсэн. Тиймээс бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Монголчууд дээр үеэсээ тойг, булууны ясаа ууж, шөлөнд нь орж ирсэн. Нэг хэсэг гаднын бүтээгдэхүүн их хэрэглэсэн. Одоо тойг, булууны ясыг сайн мэддэг болчихсон. Бүтээгдэхүүнийхээ чанарыг алдуулалгүй илүү хүмүүст хүргэхийг зорьж байна. Үнийн хувьд хүүхдийн бөмбөлөг 4000, үе мөч нь өвддөг хүмүүст зориулсан тосны том савлагаатай нь 24000, жижиг нь 9500. Таван удаагийн хөл амраах дүрлэгээ 7500 төгрөгөөр худалдаалдаг” гэлээ.
Сэтгэх чадварын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Д.Амарбаясгалан, “Би эдийн засагч мэргэжилтэй. Манай “Баян хийц” байгууллага 2013 онд үүсгэн байгуулагдсан. 2019 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэж, одоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэрэм брэндийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Аялагчдад зориулсан бэлэг дурсгал, хүүхдийн модон, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомууд үйлдвэрлэдэг. Ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэхээс гадна өв уламжлалаа хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Үүнийг зөвхөн хүүхдийн тоглоом гэж харж болохгүй. Оффист ажиллахаар бие чилээд, ядардаг шүү дээ, тэр үед тоглоход хурдан сэргэдэг. Бэлэг дурсгалын зүйл гэртээ хадгалагдаад л байж байдаг шүү дээ. Тиймээс бэлэг дурсгалын хэв маягтай ч хэрэглэгдэж болохоор бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Үнэ нь 10-60 мянган төгрөг” гэв.
Нэхийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Э.Өлзийжаргал, “Би их эмч мэргэжилтэй. Мэргэжлээрээ зургаан жил ажилласан. Өнгөрсөн жилээс мэргэжлээрээ ажиллахаа больсон. Манай нөхөр нэхийгээр үйлдвэрлэл хийдэг байсан. Би ажлаасаа гараад нөхөртэйгөө хамт ажиллаж эхэлсэн. Сандал, буйдангийн бүтээлэг, олбог гээд хүмүүсийн хэрэглээнд тулгуурлан бүтээгдэхүүнээ хийдэг. Хурганы арьсаар хурган дээл, хантааз, лоовууз зэргийг хийдэг юм. Хонины нэхий, хурганы арьсаар голчлон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Үнэгүйдээд байгаа нэхийг үнэ цэнд хүргэн, өв уламжлалаа сэргээж үлдэхийн тулд бүтээгдэхүүнээ гаргаж байна. Нэг нь эсгэж, нөгөө нь оёдог. 1.7, 1.8 метр урт бүтээлгийг өдөрт л хийдэг. Үнийн хувьд сандлын олбог 30 мянгаас эхэлнэ” гэлээ.
Дотоод гадаадын нийт 150 гаруй аж ахуйн нэгж оролцож буй үзэсгэлэн худалдааны эхний өдрийг “Арьс ширэн бүтээгдэхүүн” хоёр дахь өдрийг “Ноос ноолуурын салбар” хэмээх тодотгосон бол гурав дахь өдөр нь “Хоршоологчдынх” байх юм.
Монгол дархны Дуут урлангийн эрхлэгч Д.Баярхуяг, “Би хүүхэд байхаасаа л зурах, дүрслэх урлагт дуртай байсан. Дуут урлан хэмээх урлангаа байгуулаад одоо эрхлэгчээр нь ажиллаж байна. Бид үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Монгол үндэсний гайхалтай өв болох уран дархны чиглэлээр модон сийлбэр, эсгий ширмэл гэх зэрэг зүйлсээр урладаг. Бүтээлүүд маань улсдаа төдийгүй дэлхийд танигдаж, гайхагдаж байгаад баярладаг.
Ээмэг, бөгж, эмээл, хазаар, шатар, төрийн ёслолын үйл ажиллагаанд оролцдог эд хэрэглэл зэргийг хийж байна. МҮОНРТ болон гадаад дотоодын олон үзэсгэлэн худалдаанд оролцсон. Үндэсний өв соёлынхоо төлөө ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Өв соёл маань хойч үед улам нарийвчлалтай, гоёмсог, утга агуулга бэлэгдэлтэй хүрэх ёстой.
Бүтээлийг урлангаас авбал дэлгүүрийн үнээс хямд. Би дүрслэх урлагийн чиглэлийн сургууль төгсөөгүй. Эх орноо хайрлах, өв соёлоо бишрэн шүтэх сэтгэл минь намайг энэ зүйл рүү татаж оруулсан. Үгээр биш үйл хөдлөлөөрөө эх орноо хайрлаж байгаагийн илрэл нь миний ажил” гэсэн юм.
Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэх зорилгоор “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болох шийдвэрийг 2020 онд гаргажээ.
Ингэснээр экспортлогчдод жил бүрийн энэ өдрүүдэд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, бизнесийн харилцаа, холбоогоо өргөжүүлэх, борлуулалтаа өсгөх боломж бий болсон.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг, дунд үйлдвэрийн газраас зохион байгуулдаг энэ үзэсгэлэнг өнөө жил Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-тай хамтран зохион байгуулжээ.
Б.Саранчимэг