Өмнөговь аймаг 82 төсөлд 12,5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээж аваад байна

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар Өмнөговь аймагт ажиллаж байна.
Өмнөговь аймаг ЖДҮ ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН орон нутгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилгоор орон нутгийн төсөвтөө 5 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Тус хөрөнгөөр Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдэд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жилийн 3 хувийн хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зээл олгох юм.
Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.
Уулзалтын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Юуны өмнө ЖДҮЭ-ээ дэмжин ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. ЖДҮХС-аас зээл авсан Өмнөговь аймгийн зээлдэгчдийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэвийн, амжилттай явж байна. Удахгүй болох төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдийг сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулах талаар анхаарах нь зүйтэй” гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Зургаадугаар сарын 24-27-ны өдөр “ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР -2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний хүрээнд Төрийн худалдан авалт, Уул уурхайн байгууллагуудын ханган нийлүүлэлтийг ЖДҮ эрхлэгчдээр гүйцэтгүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээнд тус аймгийг хамтарч ажиллах талаар хүсэлт тавьсан юм.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Орон нутгийн хөгжилд ЖДҮЭ-ийн оролцоо маш чухал. Тиймээс илүү анхаарч ажиллана. Зээл төсөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах тал дээр ХХААГ анхаарч ажиллаж байгаа. Энэ тал дээр та бүхний дэмжлэг хэрэгтэй байна. Манай аймаг 15 сумтай. Үүнээс 4 сум бие эдийн засгийн хувьд бие даасан. Үлдсэн 11 сумдаа үйлдвэр байгуулах хүсэл, мөрөөдөл байна. Одоогийн байдлаар аль сумд ямар үйлдвэр байгуулах нөөц, боломж байгаа талаар судалгаа, шинжилгээний түвшинд ажиллаж байна” гэсэн юм.



Хуваалцах