МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМ"-ЫН ХҮРЭЭНД МОНГОЛЧУУДЫН АНХНЫ БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ын хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо Дэлхийн монголчуудын анхны бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа.
Тус бизнес форумыг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Монгол улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар нээж, бизнес эрхлэгч Монголчууддаа амжилт хүсэж, үг хэллээ.



Мөн Жижиг, дунд үйлдвэрийн газар, Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон улсын худалдааг дэмжих төсөл /ITDM/, ХБНГУ-ын Фрайбург хот дахь Монгол Улсын Худалдаа, Аялал жуулчлал мэдээллийн төвийн төлөөлөгчид Монгол Улсаас уул уурхайн бус экспортын бараа, бүтээгдэхүүний төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, төрөөс хилийн чанадад байгаа бизнес эрхлэгчдийг дэмжиж буй бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.
Энэхүү арга хэмжээнд Бельги, Нидерланд, Унгар, Чех, Франц, Герман зэрэг Европын Холбооны улс орнууд, АНУ, Их Британид оршин сууж, бизнес, худалдаа эрхэлж байгаа 60 орчим бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон ба тэдэнд тулгарч буй бэрхшээл, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар санал бодлоо хуваалцлаа.




“Дэлхийн Монголчуудын анхны бизнес форум” – бизнес, уулзалт арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон улсын худалдааг дэмжих төсөл /ITDM/, ХБНГУ-ын Фрайбург хот дахь Монгол Улсын Худалдаа, Аялал жуулчлал мэдээллийн төв, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар /SME Agency of Mongolia/, Брюссель дэх Элчин Сайдын яам хамтран зохион байгууллаа.