Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах Хорооны бүрэлдэхүүнд ажиллах гишүүний сонгон шалгаруулалтад урьж байна.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу төлөөлөл оролцуулах төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байна.

Хорооны бүрэлдэхүүнд 4 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оруулах бөгөөд төлөөлөл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:
  • Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
  • Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;
  • ЖДҮХС-тай бизнесийн холбоогүй;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
Материалыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл Засгийн газрын IX байр, Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүлээн авна.
Хуваалцах