ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМААС 26 АЖ АХУЙН НЭГЖ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН 4.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх бодлогын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын дүн гарч, Өмнөговь аймгийн Ханбогд сумын бизнес эрхлэгчид зээлийн санхүүжилтээ хүлээн авахаар боллоо. 

ЖДҮДС-ийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлт хүлээн авах цахим системд нэг сарын хугацаанд Ханбогд сумаас үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 аж ахуйн нэгж нийт 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирүүлсэн.

Зохих хууль, журмын дагуу эхний шатнаас шалгарсан төслүүдэд Жижиг дунд, үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд газар дээрх нарийвчилсан үнэлгээ хийж 26 аж ахуйн нэгжид нийт 4.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгохоор баталсан юм.

Жижиг дунд, үйлдвэрийн газрын Зээл, төслийн газрын дарга Н.Энхтөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд ЖДҮХС-ийн 2026 оны төсөл сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөх үеэрээ тус сумын бизнес эрхлэгчдийн идэвх, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр: "Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ирүүлсэн төслүүдийн санхүүжилтийн хэмжээ нь зарим аймгийн хэмжээнээс ч давсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн нийт санхүүжилтээс илүү хэмжээний санхүүжилт Ханбогд суманд батлагдсан. Энэ нь тус сумын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн идэвх санаачилга өндөр, бизнесийн хөгжил эрчимтэй байгааг илтгэж байна" хэмээн онцлов.
2026.07.08 Ханбогд.

 

 

Хуваалцах