Багануур дүүрэгт 2026 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Багануур дүүрэгт 2026 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг хүлээн авч эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан төсөл сонгон шалгаруулах журам, төсөл боловсруулах аргачлал, анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө сургалтыг ЖДҮГ, Багануур дүүргийн ЗДТГ, Багануур дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төв, "Хөгжлийн шийдэл" төрийн бус байгууллага хамтран жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан зохион байгуулж байна. 

Арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар нээлээ. Сангийн үйл ажиллагаа болон төсөл сонгон шалгаруулах журмын талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээл төслийн мэргэжилтэн Б.Нандинчимэг танилцуулга хийж, Төсөл боловсруулах аргачлалын талаарх зөвлөгөөг Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын бизнесийн зөвлөх Ё.Энх-Амгалан өгөв.
Багануур дүүрэгт ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл анх удаа зарлаж байгаа тул оролцогчдын хувьд эргэлзээтэй, мэдэхгүй, тодруулах зүйлс олон байлаа. Асуултанд Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээл төслийн мэргэжилтэн Б.Нандинчимэг дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.

2026.09.11. Багануур дүүрэг.
Хуваалцах