Монголын менежментийн зөвлөхүүдийн институттэй хамтран ажиллах "Санамж бичиг" байгууллаа
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Монголын менежментийн зөвлөхүүдийн институтын ерөнхийлөгч З.Батгэрэлт нар өнөөдөр /2021.09.27/ хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэ ажлын хүрээнд хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг бататгаж, урт хугацаандаа зөвлөх үйлчилгээний зах зээлийг хөгжүүлэн олон улсын түвшинд хүргэж, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор 2021 онд үндсэн гурван чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм. Үүнд:
- ConsultConference-2021 зөвлөхүүдийн ээлжит чуулганыг зохион байгуулах,
- Жижиг, дунд үйлдвэрүүдэд бизнесийн оношилгоог хийж, сонгогдсон нэг компанид хамтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх,
- Монгол Улсын зөвлөх үйлчилгээний салбарын зөвлөхүүдийн бүртгэл мэдээллийн санг үүсгэх, Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоолоор баталсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажилд талууд хамтрах юм.
Уулзалтын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Юуны өмнө жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хөгжлийн төлөө идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг танай байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Бид өмнө нь хэд хэдэн ажилд хамтарч ажилласан туршлагатай. Зөвлөх үйлчилгээний гол зорилго нь Монгол улсын эдийн засгийн үйл ажиллагааг сайжруулах явдал юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг мэргэшүүлэх, тэдний алдаа, дутагдлыг илрүүлж, олон улсын стандартад нийцэхүйц мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлснээр ЖДҮҮ эрхлэгчдийн ур чадвар, бүтээмж дээшилж, үйлдвэрлэл хөгжиж, экспортод гарахын үндэс нь сайн зөвлөх болон дасгалжуулах үйлчилгээ юм. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна” гэв.
Арга хэмжээний үеэр Монголын менежментийн зөвлөхүүдийн институтын ерөнхийлөгч З.Батгэрэлт ЖДҮ-ийн газрын БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа, ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Н.Энхтөр нарт “Мэргэшсэн зөвлөх” болсон батламжийг гардуулан өгсөн юм.