Баянгол, Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа



УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарын санаачилгаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Баянгол, Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

        
  Уулзалтын хүрээнд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар Төрөөс жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны талаар баримталж буй бодлого, хэрэгжилт, Хөдөө аж ахуйг дэмжих зээл, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн талаар тус тус танилцуулга, мэдээлэл өглөө.   
Энэ үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зүгээс арилжааны банкны зээлийн хүүгийн дарамт болон ЖДҮ зээлийн хүртээмжийн талаар сонирхсон асуултдаа хариулт авч санал, бодлоо солилцсон юм.  
Тухайлбал, оролцогчдоос бичил зээлийн хүрээнд өрхийн хүлэмж түүн дотроо өрхийн өвлийн хүлэмжийн бизнес эрхлэхэд зориулсан зээлийн талаар сонирхон холбогдох мэргэжилтнүүдээс хариулт, зөвлөмж авлаа.
Уулзалтаас ЖДҮ зээлийн талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх явдлыг улам сайжруулах улмаар зээлийн хүсэлтийг хүлээн авах тухайд төрийн байгууллагууд нэгдсэн нэг ойлголт, шаардлага тавьдаг байх санал, шүүмжийг уулзалтад оролцогчдоос тавьж байв. Энэ ажлын дагуу ХХААХҮЯ-наас ойрын хугацаанд нийслэл болон дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүдтэй хурал хийж иргэдийг чирэгдүүлэхгүй байх, зээлийн хүсэлтийг хүлээн авах үйл явцад төрийн байгууллагууд нэгдмэл нэг ойлголттойгоор иргэдэд үйлчлэх шаардлагатай байгааг шийдвэрлэхээр боллоо.
Хуваалцах