ЖДҮХС-ийн зээлдэгч Жожилдаян компани жилдээ 90 тонн нарийн ногоо хураан авч байна

Манай улс хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж,  дотоодынхоо хэрэгцээ шаардлагыг хангах, тариалалтынхаа тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй бол болохгүй нь гэдгийг сүүлийн хоёр жил бэлхнээ нотлон харуулсан. Тэгвэл яг л энэ цаг үед нарийн ногооны дотоодын хэрэгцээг хангаж буй цөөн хэдэн байгууллагын нэг нь  Жожилдаян компани юм.
Жожилдаян ХХК-ийн хамт олны өмнөө тавьсан зорилго бол стандартын дагуу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх.  Энэ зорилтынхоо хүрээнд "Арвин шим" хүлэмжийн талбайг 2020 онд шинээр өргөжүүлэн байгуулжээ. Ингэхдээ тоног төхөөрөмжөө сайжруулах, аж ахуйгаа өргөтгөх зорилгоор ЖДҮХС-ийн зээлд хамрагдаж, 92 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Үүний үр дүнд өнгөрсөн жил 90 орчим тонн ногоо хурааж, хил хаалттай, нарийн ногооны тасалдалтай байх үед бүрэн борлуулжээ.
Тус компани үйл ажиллагаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөмжийг тусган хэрэгжүүлж байна. Хөтөлгөө морьтой хүн хол явдгийн адил тус компанийн захирал Д.Очиржав ч ногооны аж ахуйд сурч мэдсэн зүйлдээ тулгуурлан онол практикийг хослуулахаар ХААИС-д суралцан мэргэшиж, органик ногоо тариалах хүсэлдээ хөтлөгдөн эхэлсэн нь ажилд нь ч эергээр нөлөөлжээ.
Өнөөдрийн байдлаар нийтдээ нэг га орчим талбайд 30 гаруй хүлэмжид ногооны нэр төрлөө олшруулан бууцай, юуцай, салат навч, хулуу, рэдиска, яншуй, ногоон сонгино, өргөст хэмх, улаан лооль, үрлэн лооль, хаш, чинцай, уутат лооль зэрэг 13 нэр төрлийн нарийн ногоог тариалж байна.  
Цаашид хүлэмжийн аж ахуйгаа хөгжүүлж, нарийн ногоо тариалахаас гадна, хүнсний ногооны чиглэлд импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж компанийнхаа үйл ажиллагаа хөгжүүлж ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ, улс орныхоо эдийн засагт бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.
Жожилдаян ХХК нь ЖДҮХС-аас зээл авч, үйл ажиллагаа нь тогтворжсон зээлдэгчдийн нэг бөгөөд энэ жил хүлэмжээсээ гадна төмс, хүнсний ногоо тариалж, хэрэглэгчдэдээ хүргэхээр аль хэдийн бэлтгэл ажлаа хангажээ.
Хуваалцах