Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн Холбооны гишүүдэд "Түншлэлийн хөтөлбөр"-ийн талаар мэдээлэл өгөв
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн зөвлөх П.Мөнхбат нар өнөөдөр /2022.5.11/ Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн Холбооны гишүүд, Ховд үйлдвэр технологийн паркийн үйлдвэр эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл, зээлд тавигдах шаардлага, зээл олгох салбар чиглэл зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөхийн зэрэгцээ арга хэмжээнд оролцогчдын сонирхсон асуултад харилт өгч, харилцан санал солилцсон юм.

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн зөвлөх П.Мөнхбат уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх Түншлэлийн хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
Дашрамд сонирхуулахад, тус хөтөлбөрт хамрагдахыг хүссэн 350 гаруй иргэн аж ахуй нэгж хандсан бөгөөд Экспортыг дэмжих төслийн нэгж болон Жижиг, дунд үйлдвэрийн газраас утсаар болон биечлэн уулзаж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
