"Хамтран суралцаж, харилцан туршлага солилцох индэр" цахим уулзалт боллоо
Жижиг, дунд үйлдвэрийн газар Канадын MERIT төсөлтэй хамтран аймгуудын ЖДҮ хариуцсан мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулдаг “Хамтран суралцаж, харилцан туршлага солилцох индэр” ээлжит уулзалт цахим хэлбэрээр зохион байгууллаа. Улирал тутам зохион байгуулдаг энэ удаагийн уулзалтад 18 аймгийн ЖДҮ хариуцсан мэргэжилтэн, хоршоодын төлөөлөл бүхий 100 гаруй хүн хамрагдав.


Уулзалтыг ЖДҮ-ийн газрын дарга Я. Эрдэнэсайхан нээж ЖДҮ –ийг дэмжих чиглэлээр Засгийн газраас баримталж бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг уул уурхайн компаниудад хүргэх, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа MERIT төслийн үйл ажиллагааны үр дүн, арга барилыг сайшааж онцоллоо.

Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг уул уурхайн компаниудад хүргэх, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа MERIT төслийн үйл ажиллагааны үр дүн, арга барилыг сайшааж онцоллоо.
Хөтөлбөрийн дагуу Сүхбаатар, Дундговь аймгийн ЖДҮ мэргэжилтэн орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийн мэдээллийн сангийн бүртгэл, түүний шинэчлэл, хэрэглээ ач холбогдлын талаар өөрсдийн туршлагаас хуваалцсан юм.


Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор “Цэвэр хөрсний шим” дундын хоршооны гүйцэтгэх захирал Х. Доржсүрэн болон MERIT төслийн зөвлөх Эрик Карлзен “Red hat” Канад улсын маркетингийн хоршооны үйл ажиллагаа, амжилтын түүхээс тус тус хуваалцав.


Оролцогчдын зүгээс мэдээллийг үр дүнтэйгээр удирдахад мэдээллийн сан чухал ач холбогдолтой болохыг онцлоод орон нутгийн бизнес эрхлэгчид томоохон зах зээл болох уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтийг хийхийн тулд дотоодын бизнесүүдийг хөгжүүлэх маркетинг, хоршооны бүтэц зохион байгуулалт, үнэ цэнийн талаар хамтран суралцаж харилцан туршлага хуваалцсан үр дүнтэй сургалт болж байгаад талархал илэрхийлж байлаа.


Түүнчлэн зарим аймгийн мэргэжилтэн Хоршооны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаа тул өөрийн орон нутагт ажиллах боломж байгаа эсэх талаар асууж, хүсэлт тавьлаа.