"ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ЖДҮ САЛБАРТ" ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАВ

USAID Mongolia, BEST хөтөлбөрөөс “Эдийн засгийн сэргэлтийн бодлого: ЖДҮ салбарт” форумыг өнөөдөр /2022.09.29/ зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтийн үеэр ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:
”Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулж ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /USAID/-ийн “Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр, Хөгжлийн шийдлийнхэндээ үр дүнг нь ЖДҮ эрхлэгчдэд хүргэдэгт талархал илэрхийлье. Энэ хөтөлбөрийг амжилттай зохион байгуулахад хамтарч ажилладаг Авлигатай тэмцэх газар, Зээлийн батлан даалтын сан зэрэг олон төрийн байгууллагууд, үр дүнг нь хүртэж байдаг ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр энд ирсэн байна. Форумаас тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгждэг энэхүү төсөл хөтөлбөртэй хамтарсан олон ажил бий. Хөтөлбөр ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах сургалтууд зохион байгуулдаг. Энд ганцхан баримт дурдахад 2022 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулалт зарласны дараа 15 мянган иргэн, ААН утсаар холбогдож мэдээлэл авчээ. Үүнээс 219 нь цахимаар болон танхимаар сургалтад хамрагдсан байна. Өнгөрсөн жилүүдийн төсөл сонгон шалгаруулалтад анализ хийгээд үзэхэд төсөл авсан ААН-үүдийн олонх нь BEST-ийн сургалтад хамрагдаж чадавхажсан байсан. Цар тахлын дараах эдийн засаг, Орос, Украйны дайн гээд нөхцөл байдал нэлээн хүнд байна. Гол нь бид асуудлаа зөв тодорхойлох шаардлагатай. Өнөөдрийн арга хэмжээ үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэдгийг онцлоод форумын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Арга хэмжээний үеэр ЖДҮГ-ын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр оролцож “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өнгөрсөн ба ирээдүй” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлдээ жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, өнөөдрийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчин, ил тод нээлттэй байдал, ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож байгаа явц зэрэг асуудлыг онцолсон.
Зохион байгуулагчдын зүгээс BEST хөтөлбөрийн үр дүнгийн талаар танилцуулж, холбогдох албаныхан дараах сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.

Үүнд:
” Шинэ сэргэлтийн бодлого: ЖДҮ салбарын боломжууд”,
“Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал ЖДҮ салбарт нөлөөлөх нь”,
”Эдийн засгийн эрчимжүүлэх хөтөлбөр: Хэрэгжилт ба үр нөлөө”,
“ЖДҮ салбарын олон улсын туршлага”,
“ЖДҮ салбарын хөгжлийн эко системийг бүрдүүлэхэд анхаарах зүйлс”
Форумын төгсгөлд “Эдийн засгийн сэргэлтийн бодлого ЖДҮ салбарт” панел хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хуваалцах