"ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ-2022" ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, тус дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ-2022” чуулга уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтад “Төрөөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа бодлогын дэмжлэг ба өнөөгийн байдал”, “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал ба гарц шийдэл” сэдвийн хүрээнд холбогдох илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнөлөө.
Энэхүү арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр “Жижиг, дунд үйлдвэрийн салбарын бодлого, санхүүгийн дэмжлэгт тавигдах шаардлага сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл өгөв.
Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн байгууллагын хэрэгжүүлж байгаа, төлөвлөж буй ажлуудын талаар болон “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны төлөвлөгөө”-нд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өглөө.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж байгаагаа мэдэгдсэн юм.
Чингэлтэй дүүргийн ЖДҮҮ эрхлэгчдийн хувьд төрөөс зээл, буцалтгүй тусламж хүсэхээс илүүтэйгээр ажлын захиалгатай байх тал дээр төр дэмжих, төрийн ашиглахгүй байрыг ЖДҮҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй үнээр түрээслүүлж ажлын байраар дэмжих саналуудыг гаргалаа.
Мөн НЖДҮҮДТ болон Дүүргийн ЗДТГ-аас худалдан авалтаар үргэлж дэмжиж байгаад талархал илэрхийлээд, хөгжлийн төлөө хамтран ажиллах санал санаачилгуудаа дэвшүүллээ.
Уг арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн 36 ЖДҮҮ эрхлэгч, үйлдвэрлэгчийн 200 гаруй бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах ажил зохион байгууллаа.

Хуваалцах