ХОРШООНЫ ДАРГА, МЕНЕЖЕРҮҮД САНХҮҮ, МАРКЕТИНГИЙН СЕРТИФИКАТТАЙ БОЛЛОО

Жижиг, дунд үйлдвэрийн газар, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль хооронд хамтын ажиллагааны “Санамж бичиг” өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан билээ.
Уг ажлын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчид, хоршоологчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах богино болон дунд хугацааны модуль сургалтыг зохион байгуулахаар тусгасан.

Төлөвлөгөөний дагуу “Хоршооны дарга, менежер, таваар судлаач бэлтгэх, чадавхжуулах” сургалт 5 өдөр үргэлжилж өнөөдөр /2022.09.16/ өндөрлөв. Уг сургалтад Говь-Алтай, Ховд, Увс аймгийн 20 гаруй хоршоологчдын төлөөлөл хамрагдсан юм.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Алтантуяа, ХҮИС-ийн багш, удирдлагууд, Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн төлөөлөл амжилттай суралцсан хоршоологчдод сертификат гардууллаа.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа сертификат гардуулах үеэрээ “Та бүхэн энэ сургалтаас олон зүйлийг сурч мэдсэн гэдэгт итгэлтэй байна. Сурч мэдсэн зүйлээ хоршооны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахад зориулж хоршоодын түүхий эд, бараа бүтээгдэхүүн олон улсын чанар, стандартыг хангасан экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоход түүчээлэн ажиллахыг хүсье” гэв.
Энэ удаагийн сургалтыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл ивээн тэтгэж байна.
Уг төслийн зорилго нь хоршоодыг чадавхжуулж малчдын амьдралыг сайжруулах юм.
Учир нь малын тоо толгойн хэт өсөлтөөс, үүдэн бэлчээр доройтож байгаа нь байгалийн амьтдыг нүүдэллэх, устаж үгүй болоход ихээхэн нөлөөлдөг.
Хоол, хүнс нь ховордоод ирэхээр ирвэс ч устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа аж. Иймд малын тоо толгой бууруулахын тулд малчдын амьдралыг сайжруулах нэн тэргүүний асуудал болоод байгаа юм.
Ингэхийн тулд хамгийн чухал үүрэгтэй бүтэц бол хоршоо юм.
Хоршоодоор дамжуулж малчдыг чадавхжуулж, амьжиргааг нь сайжруулахад уг төслийн ач холбогдол оршиж байна.
Уг төсөл нь хоршоотой хамтарч хэрэгжүүлэх долоон жилийн хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд тав дахь жил нь тохиож байна.
Хуваалцах