МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАТЗҮҮ ХХК НАРИЙН, СҮЛЖМЭЛ ДААВУУГ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

   Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, ЖДҮГ-ын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Надмидцэдэн нар Батзүү ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

26 жилийн түүхтэй тус компани нь Монгол Улсад анх удаа нарийн, сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхлээд байгаа нь энэ.  Энэхүү даавуу үйлдвэрлэх зориулалт бүхий Герман улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн шинэлэг, инноваци шингэсэн төхөөрөмж аж.  Үйлдвэр  бүтээгдэхүүний шинж чанараа тогтмол хянах үүрэг бүхийн лаборатори ажиллуулж байна.
   Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос санаачлан энэ жилээс  цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг “Нэхмэл, сүлжмэл даавуу, оёмол бүтээгдэхүүний аюулгүй байдал, техникийн шаардлагын дагуу монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад болохгүй, сургалтын орчинд нийцсэн, арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй чанартай үйлдвэрлэж эхэлсэн. 

  Материал үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг мэргэжлийн өндөр түвшинд эх орондоо кластераар үйлдвэрлэж байгаа юм.  Нийслэлд 2022-2023 оны хичээлийн жилд 146,000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдаж байна.
   Биеийн тамирын хувцасны материал нь хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул техникийн шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Энэхүү даавууг монголдоо үйлдвэрлэж байгаа бөгөөд 100 хувь хөвөн даавуун материал юм. Байгальд ээлтэй, зөөлөн, харшил үүсгэхгүй, үнэр бактерийн эсрэг хамгаалалттай, арчлахад хялбар, амьсгалах чадвартай, хөлс шингээдэг, суналт агшилт сайн, монгол хүний царайны өнгөнд тохирсон номин цэнхэр өнгөтэй.

Шошгыг гадна талд оёсон тул хүүхдийн биеийг нухахгүй, нэр бичих хэсэгтэй тул багш, хүүхдүүдэд эвхэж хураахад хялбар байдлаар шийджээ.
Хуваалцах