Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны IX их хурал болж байна

    Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны IX дүгээр Их хурал өнөөдөр /2022.10.28/ болж байна.


Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг уг хуралд  хамгийн залуу нь 23 настай А.Асель Баян-Өлгий аймгаас ирж оролцож байгаа бол наран мандах зүг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас хамгийн залуудаа буюу 29-хөн насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар саальчин цол хүртсэн Н.Осгон тэргүүтэй хошой, аварга, саальчин малчид маань эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн иржээ.


Их хуралд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Тогтохсүрэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй аймаг, нийслэлийн холбоод, хоршоодын 140 төлөөлөгч, 30 гаруй зочин оролцож байна. Өнөөдрийн байдлаар Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь анхан шатны 724 гишүүн хоршоогоороо дамжуулан 200,000 гаруй малчид,  тариаланчдыг төлөөлөн ажиллаж байна.

  Энэ удаагийн хурлын онцлог нь МХААХҮХолбооны шинэчлэн зохион байгуулагдсаны 30 жилийн ойтой давхцаж байна. Хурлаар Үндэсний холбооны 2014-2022 онд баримтлан хэрэгжүүлсэн бодлогын баримт бичгийн үр дүнг дүгнэх, 2022-2030 онд баримтлах стратеги түүнтэй холбогдуулан өөрчлөгдөх холбооны дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, холбооны удирдлагуудыг сонгох зэрэг томоохон асуудлыг шийдвэрлэх юм.
Монгол улсын тогтвортой хөгжлийн нэгэн тулгуур болохоор алсын хараагаа тодорхойлсон хоршооллын хөдөлгөөний хөгжлийг эрчимжүүлж, гишүүн хоршоодынхоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бие даасан төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь 1967 онд Хөдөө аж ахуйн нэгдэлчдийн III их хурлаас Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөл нэртэйгээр анх байгуулагдаж, 1992 оноос Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо болон шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш 30 жил өнгөрөөд байна.    
Энэ хугацаанд ХАА-н үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийг нөөцөд хүрэх боломжоор хангаж, өөртөө туслах байгууллага болох хоршоодоор дамжуулан амьжиргаагаа дээшлүүлж, орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалж, хөдөөгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хүн амыг эрүүл хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангахад бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн юм.
Ойн хүрээнд хоршооллын салбарт үйл хэргээрээ бусдыгаа манлайлсан шилдэг гишүүн хоршоологчдоо төрийн болон Засгийн газрын шагналаар шагнаж урамшуулж байна.
Хуваалцах