Дэд сайд М.Ганхүлэг Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай уулзаж, санал солилцон, ажлын нөхцөл байдалтай танилцаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар нь  Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны салбарыг эрчимтэй хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах, хөнгөлөлттэй зээл, татаас олгох, улмаар нийгэм, эдийн засагт жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын эзлэх байр суурийг бэхжүүлэх, тэдгээрийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж, төрийн дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашигт нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Эдгээр зорилго, зорилтын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан байгууллагын бодлого үйл ажиллагаа, зээл олголтын явц болон тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан юм.   
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “Салбарын гол ажлыг хэрэгжүүлэх анхан шатанд ажиллаж, хийж, бүтээж байгаа бүхнийг дэмжин ажилладаг та бүхэнд талархал илэрхийлье. Төсвийн хувьд ирэх жил бусад салбарт ч бүсээ чангалах хэрэгтэй байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт олон нийтийн санаа бодлыг тусгаж, ил тод, нээлттэй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэж онцолж байлаа.
Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх зорилго чиглэлийг маш тодорхой тусгасныг онцлов. Иймээс нийт ажилтан, албан хаагчидтайгаа нягт хамтран ажиллаж, бодлогын баримт бичгүүдэд тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулахаа илэрхийллээ. 
Монгол Улсын хөгжлийн тулгуур хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, залуучуудын оролцоог сайжруулах, ажилтан албан хаагчдын бүтээлч байдал, шинэ санал санаачилгыг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа ч мөн хэлсэн юм.
Хуваалцах