"Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье- Зүүн бүсийн зөвлөгөөн" болов

“Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье- Зүүн бүсийн зөвлөгөөн” өнөөдөр /2022.12.09/ Дорнод аймгийн Чойбалсан хотноо эхэллээ.
 
Арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Д.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон ХХААХҮЯ-ны харьяа Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл албаны бусад хүмүүс оролцлоо.
Эдийн засгийн хөгжлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хоршоологчдод тулгарч буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, уул уурхайн байгууллага, үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүдэд жижиг, дунд үйлдвэрийн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа арга хэмжээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 300 гаруй төлөөлөл оролцож байна. 
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “2023 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 70 орчим хувийг орон нутагт хуваарилахаар шийдвэрлэсэн” гэдгээ онцолж байв.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “ЖДҮХСангаас хөнгөлөлттэй зээл олгох “ талаар мэдээлэл өгсөн юм.
Чуулганд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн үндэсний үйлдвэрлэгч, хоршоод оролцож, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс гадна олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэгчид болон төсөл хэрэгжүүлэгчдийг биечлэн уулзуулж, харилцан мэдээлэл солилцох боломжийг олгосон нь энэхүү чуулганы гол үр дүн байлаа.

Мөн олон улсын төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл тус бүр төслөө танилцуулсан.

Тодруулбал:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр,

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр-үе шаттай зээлийн төсөл, 

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжлийн төсөл,

Хөдөө аж ахуй,  хөдөөгийн хөгжил, Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн төлөөлөл оролцож байна.


Хуваалцах