"Хоршооны хөгжлийг дэмжих жил"-ийн тайлангийн цахим уулзалтад 257 хүн оролцлоо
Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг "Хоршооны хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Уг ажлын тайлангийн уулзалтыг өнөөдөр /2023.03.09/ цахимаар зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮГ-ын БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа, Монголын Хоршоологчдын үндэсний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, хоршоодын холбоодын төлөөлөл, 19 аймгийн 205 сумын засаг дарга, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, хариуцсан мэргэжилтнүүд зэрэг нийт 257 хүн хамрагдав.


Арга хэмжээний үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Хоршооны хөгжлийн дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлын тайлан, хойшид анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл хийв.

Мөн Говьсүмбэр, Төв, Увс, Говь-Алтай зэрэг аймаг, сумдаас хоршоог дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлын тайлан, туршлагаасаа хуваалцсан юм.


Уулзалтын үр дүнд хоршоо хөгжүүлэх давуу тал, олон улс болон Монгол улсад амжилттай хэрэгжсэн хоршоодын туршлага, Хоршоог хөгжүүлэх сангийн журамтай холбоотой эргэлзээтэй асуулт хариултад нэгдсэн ойлголт өгч мэдлэг мэдээлэл дээшлүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.