ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ААН-ҮҮДИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг нар өнөөдөр “Сор кашмер”, “Сэцэн фэйшн” компанид ажиллалаа.
Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оны хоёрдугаар сараас Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран Түншлэлийн хөтөлбөр-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Уул уурхайн бус экспортын чиг баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох уг төсөл 2023 оныг дуустал хэрэгжинэ. Үнэлгээний хорооны хурлаар төслөө хэлэлцүүлэн дэмжигдсэн ААН-үүд тус төсөлтэй “Түншлэлийн гэрээ” байгуулж, төлөвлөгөө батлуулан ажиллаж байгаа билээ.
Уг төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцаж дээрх 2 компанийн үнэлгээг Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлд хүргүүлэх юм.
Сор кашмер ХХК-ийн хувьд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг Итали улсаас худалдан авч  экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.


Төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжийн 10 машиныг худалдан авч үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Дараагийн шаардлагатай тоног төхөөрөмж ирэх 9 сард Монголд бууна.   
“Сэцэн фэйшн” компанийн тухайд экспортод бараа бүтээгдэхүүнээ таниулах маркетингийн үйл ажиллагаа болон цахим худалдаагаа нэмэгдүүлэхээр Түншлэлийн гэрээ байгуулсан.

Гэрээний үүргийн хүрээнд Япон улсад болсон олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож, Япон, Хонконг зэрэг улсын хэд хэдэн байгууллагатай хамтарч ажиллахаар болоод байгаа юм.
Хуваалцах