ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛДЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
"Цоглог говь" ХХК нь 2012 оноос Өмнөговь аймгийн Баян-Овоо сумд талх, нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Даланзадгад сумд шилжин ирээд 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. ЖДҮХС-ийн 2023 оны зээлдэгч тус компани нийт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд аймагтаа 70 гаруй байгууллага, 8 сумд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Одоогийн байдлаар аймагтаа анхны хөх тарианы гурилан талх, сэндвичний талхыг үйлдвэрлэж эхэлсэн Цоглог говийнхон сав баглаа боодолдоо анхаарч шошгоо уйгаржин монгол бичгээр шинэчилжээ. Цаашид үйлдвэрийн байраа томруулах, тоног төхөөрөмжөө сайжруулах, хүний ажлын бүтээмжийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагааг энэ үеэр онцолж байв.
“Батшир-Ур” ХХК нь Өмнөговь аймагт 2018 онд арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос үйлдвэрлэлийн хүчин чадал, үйл ажиллагаагаа өргөтгөн аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжин үйлдвэрлэлээ явуулж байна.
ЖДҮХС-ийн 2022 оны зээлдэгч тус компани нь уламжлат арьсан эдлэл, уул уурхайн хөдөлмөр хамгаалах арьсан эдлэл, хэрэгсэл, тусгай захиалгат арьсан эдлэл үйлдвэрлэж байна. ЖДҮХС-аас авсан зээлээрээ үйлдвэрийн байраа өргөтгөж, тоног төхөөрөмжөө сайжруулсан байна.
НУТГИЙН ДЭМ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 0-2 НАСНЫ 2700 ОРЧИМ ХҮҮХДИЙГ ТОГТМОЛ СҮҮГЭЭР ХАНГАЖ БАЙНА
Сүүн дэгжих ХХК нь 2012 онд үхрийн ферм, сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 12 нэр төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. ЖДҮХС-аас 2021 онд 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, хугацаанаас нь өмнө хааж, 2023 онд ЖДҮХС-аас дахин зээлд хамрагджээ. Ингэснээр үйлдвэрийн байраа өргөтгөж, тоног төхөөрөмжөө сайжруулжээ.
Компанийн зүгээс "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийн "Нутгийн дэм" дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Сүү, тараг хөтөлбөр”-т 2022, 2023 онд хамрагдан амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Өмнөговь аймгийн шинээр төрсөн 0-2 насны 2700 орчим хүүхдийг сүү, таргаар хангаж байна.