БНХАУ-Д ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ҮҮСЭЖ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД ОРОЛЦОГЧ ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

БНХАУ-д дотоодын үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход үүсэж буй саад бэрхшээлийг шийдвэрлэхэд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын хэлэлцүүлэг өнөөдөр ХХААХҮЯ-ны 9 давхрын хурлын танхимд боллоо. Арга хэмжээнд ХХААХҮЯ, ГХЯ, ГЕГ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна  худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөл оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      
Жижиг, дунд үйлдвэрийн газар өнгөрсөн оноос БНХАУ-ын “Замч” цахим худалдааны компани Эрээн хотын цахим худалдааны нийгэмлэгтэй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин Хятад улсын зах зээлд дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Хөх хотын гаалийн  баталгаат бүсийн Олон улсын үзэсгэлэн худалдааны төв” болон Эрээн хотод дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах “Монголд үйлдвэрлэв” байнгын үйл ажиллагаатай дэлгүүр нээж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Тус дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа дотоодын үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, бүтээгдэхүүнийг тогтмол экспортлоход төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, дотоодын үйлдвэрлэгчид хамтарсан уулзалт хийж байгаа нь энэ.
Хэлэлцүүлгийн үеэр ААН-үүдийн зүгээс тулгамдаж байгаа асуудлуудын талаар сонирхсон асуултдаа хариулт авч, хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд хэлэлцсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай саналыг оролцогч талуудад хүргүүлэхээр болсон. Тодруулбал:
  1. Монгол Улсын Шадар Сайдад- Монголын итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн шинжилгээг БНХАУ-ын гааль дээр зөвшөөрдөг болох чиглэлээр санал хүргүүлэх, БНХАУ-ын стандартыг Монгол Улсын стандарттай нийцүүлэх чиглэлээр системийн шинэчлэл хийх,
  2. Гадаад харилцааны яаманд- БНХАУ-д “Монголд үйлдвэрлэв” дэлгүүрт ажиллах Монгол ажилчдын визний асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх,
  3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд-Экспортын гэрчилгээ олгох чиглэлээр ААН-үүдэд мэдээлэл өгөх,
  4. Гаалийн ерөнхий газарт-Замын Үүдийн гаалийн баталгаат агуулахыг ажиллуулах боломж, нөхцөлийг судлах, БНХАУ-ын гаалийн систем болон Монгол Улсын гаалийн системийг судлах ажиллах албан хаагчийг томилж системийн зөрүүг арилгах чиглэлээр ажиллах,
  5. Хөрөнгө оруулалт, худалдааны газарт- Төрийн болон төрийн бус байгууллагуудаас олгож байгаа гэрчилгээг нэгдсэн нэг системээр шийдвэрлэхэд удирдлагаар хангаж ажиллах, Экспортлогч ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргах.
  6. Оюуны өмчийн газарт-Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд хуулбарлан хийж, зах зээлд хямд үнээр нийлүүлж байгаа асуудалд хяналт тавих боломжийг судалж, ААН-үүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх.
  7. Стандарт, хэмжил зүйн газарт-Тохирлын баталгаажуулалтад хамрагдаж хүсэлт гаргасан ААН-үүдийн хүсэлтийг хүлээн үйлчилгээг цахимжуулах, шийдвэрлэх хугацааг багасгах, цахим системээр хариу өгөх нөхцөл боломжийг судлах.
  8. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд- Импортын түүхий эд, материалаар хийсэн үндэсний хувцас, дээлийн гарал үүслийн гэрчилгээг шийдвэрлэх боломж, нөхцөлийг судлах гэх мэт.
Хуваалцах