Монголын бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд сурталчилан таниулах чиглэлээр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх-Ө.Мөнхбат, Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан II-дугаар нарийн бичгийн дарга-Х.Мөнбаяр нартай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид уулзлаа.


Уулзалтын эхэнд Элчин сайд Б.Баярсайхан 49 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “FOODEX JAPAN-2024” үзэсгэлэнг зохион байгуулалт сайтай болж байгааг энэ үеэр онцолж байв.


Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд танилцуулах чиглэлээр хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон. Тухайлбал, Япон улсад жил бүр болдог хавар, намрын баярт 30-70 мянган хүн оролцдог. Уг арга хэмжээнд Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг тусгайлан сурталчилан таниулах ажлыг зохион байгуулах тал дээр Элчин сайдын яамны зүгээс бүхий л төрлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгов.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд “FOODEX JAPAN-2024” үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд, цаашид хавар, намрын баярт Монголын бараа бүтээгдэхүүнийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохиролцлоо.