"ШИНЭ ХОРШОО" ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2024.04.20/ Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн байранд боллоо. Өдөрлөгт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сан, 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар, орон нутгийн хоршоологчид, малчид, банкны төлөөлөл оролцож танилцуулга мэдээлэл, харилцан санал бодлоо хуваалцсан юм.


УИХ-аас “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг өчигдөр баталсан. Хуулийн дагуу малчид хоршооны хэлбэрээр ажиллаж, хөрөнгө оруулалтын зээл авч, түүхий эдээ зах зээлд өндөр өртгөөр борлуулж ашиг орлого олох боломжтой болж байна. Засгийн газраас хэрэгжүүлэх “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь хоршооны гишүүн малчин 6 хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая төгрөг хүртэлх зээл авах боломжийг бүрдүүлнэ.
Малчид түүхий эдээ гар дээрээсээ “үнэгүй” шахам өгдөг байсан бол анхан шатны боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх боломжтой болно. Ингэснээр ченжийн тогтолцоогоор явж ирсэн мал аж ахуйн салбар шинэчлэгдэж, нүүдэлчин өв соёлоо хамгаалах юм.


Хоршооны гишүүн малчин өрх бүр улс орны чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлдэг үйлдвэрлэгч болох замыг тавихаар тооцож хуулийг баталжээ.


Батлагдсан хуулийг таниулах 1400 сургагч багш сарын хугацаанд орон нутагт ажиллана. Үүний дараа хоршооны малчдад 50 сая төгрөг хүртэлх зээл олгож эхлэх юм. Мөн анхан шатны боловсруулалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн үзэсгэлэн ажиллаж эхэлнэ.



