"FESTIVAL DELL' ORIENTE" ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР АНХ УДААГАА ОРОЛЦОЖ БАЙНА
Дэлхийн улс орнуудын түүх, соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг Италид сурталчлан таниулах зорилготой “FESTIVAL DELL’ORIENTE” арга хэмжээ тус улсын Ром, Наполи, Перужа, Милан, Турин зэрэг 10 том хотод жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай.
Олон улсын зэрэглэлтэй энэхүү фестивальд Эх орноо төлөөлөн 30 гаруй ААН, ЖДҮ-чид, бизнес эрхлэгчид оролцож байна. Зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Мишээл экспо ХХК, дэмжигч байгууллагаар Итали улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яам оролцож байна.
Тус фестивальд Энэтхэг, Хятад, Япон, Тайланд, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Бангладеш, Монгол, Балба, Шри-Ланка, Мьянмар зэрэг Азийн 20 орчим улс тогтмол оролцдог.
Эдгээр орнууд фестивалийн үеэр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа, урлагийн тоглолт, үндэсний хоолны амталгаа, үндэсний хувцас, цайны урлаг, уламжлалт анагаах ухаан, дуу, бүжиг, тулааны урлаг, уламжлалт гар урлал, ардын аман зохиолын танилцуулга зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил Монгол улс нь зочин орноор анх удаагаа оролцож байгаагаараа онцлог юм.