ЖДҮХС-ИЙН 2024 ОНЫ ЗЭЭЛДЭГЧ 37 ААН "БҮТЭЭЛЧ CEO-4" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА
“Жижиг, дунд үйлдвэрийн газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран “Жишиг Жижиг, Дунд Бизнесийг Хөгжүүлэх Төлөвлөгөө”-ний хүрээнд “Бүтээлч CEO” бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Өнөөдөр уг хөтөлбөрийн 4 дэх элсэлт эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд ЖДҮХС-аас 2024 онд зээл авсан нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч ААН-ийн төлөөлөл таван сарын хугацаанд засаглал, маркетинг, үйлдвэрлэл, хүний нөөц, санхүү, туршлага судлах гэсэн 6 модуль бүхий сургалтад хамрагдах юм.

Арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Хууль, тусгай активын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Сугар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, Хөгжлийн Шийдэл” ТББ-ын төлөөлөл, “Бүтээлч CEO 4” хөтөлбөрт хамрагдах 37 ААН-ийн төлөөлөл оролцсон юм.


Энэ үеэр 2024 оны төслийн зээлийн зарцуулалт, зарцуулалтын тайлан, хяналт-мониторинг, Зээлийн эргэн төлөлт, гэрээний эрх үүрэг, Компанийн засаглалын ач тус, засаглалаа сайжруулах арга зам, “Бүтээлч Сео-4” бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр, Бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахын давуу тал, үр өгөөж, сайн туршлага зэрэг сэдвийн хүрээнд албаны хүмүүс мэдээлэл өглөө.

