ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "МӨСТИЙН ХӨГЖИЛ-2031" ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Ховд аймгийн Мөст сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Мөст сумын нутгийн зөвлөл, Ховд аймаг дахь Мөст сумын нутгийн зөвлөл, Унаган нутаг-Мөстийн ирээдүй ТББ хамтран зохион байгуулсан "Мөстийн хөгжил-2031" төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөгөөн 2025 оны 02 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.




Тус зөвлөгөөнд нутгийн удирдлага, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, салбар бүрийн эрдэмтэн, доктор, судлаачид зэрэг 300 гаруй төлөөлөл оролцож аймаг, сумын хөгжлийн бодлого, эдийн засгийн өсөлт, бүс нутгийн онцлог, хөдөө, аж ахуй, жижиг, дунд, үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал болон цаашид бүс нутгийн эдийн засгийн байдлыг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэв.




Мөн зөвлөгөөнөөр Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр “Жижиг, дунд, үйлдвэр, хоршооны салбарыг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, дэмжлэг”-ийн талаар танилцуулга хийж, төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо.


“Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр дамжуулан Мөст сумын нийт 140 малчин өрхийн 29 хоршоонд 3,9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Хоршоодын зүгээс цаашид хоршоодыг чадавхжуулж, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлтэй холбох ажил нэн шаардлагатай талаар санал, хүсэлт ирүүлсний дагуу тус сумын хоршоодыг “Цахим хоршоо” төсөлд хамруулахаар боллоо.

