ЖАЙКА-ийн сургалтад хамрагдсан албан хаагчийн эссэ эдийн засгийн сонинд нийтлэгдлээ

Япон улсын RIIM Chusanren-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан JICA KCCP 2024 “DEVELOPED MARKET ORIENTED EXPORT PROMOTION STRATEGY” хөтөлбөрт Зээл, төслийн газрын ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 26 хоногийн хугацаанд хамрагдан, суралцах хугацаандаа багш Фукуяма болон бусад багш нарын дэмжлэгтэйгээр Монгол бяслагийг 2027-2034 онд Солонгос, Япон, Хятад улсуудад экспортлох төлөвлөгөөг боловсруулсан.
Уг ажлын үр дүнд, төлөвлөгөөг хоёр удаа эргэн танилцуулснаар Японы Токай бүсийн эдийн засгийн мэдээллийг хүргэдэг "Chubu Keizai Shinbun" сонинд “Монгол бяслагийг таны таашаалд” нэртэй эссэ нийтлэгдсэн.
Тус эссэнд Монгол улс нь өргөн уудам газар нутагтай, байгалийн олон бүстэй тул тухайн бүс нутгийн ургамал, салхи, мал, амьтдын онцлогоос шалтгаалан өвөрмөц, цөөн тооны өндөр зэрэглэлийн сүүн бүтээгдэхүүн болох бяслагийг экспортлох боломжтойг онцолсон. Үүний нэг жишээ нь бяслаг урлаач Я.Энхээгийн санаачилгаар “Cheese Republic” нэртэй хөдөлгөөн өрнөж, олон үйлдвэрлэгч нэгдэн, бяслагны соёлыг түгээн дэлгэрүүлж байгааг дурджээ.
Эдгээр бяслаг урлаачдын нэг болох “Сүүн зам Дэйри” ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд европ технологиор раклетт, чеддар, цөцгийтэй бяслаг, уламжлалт монгол бяслаг, цөцгий, шар сүү, шар тос, сүүн ааруул зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хэрэглэгчдийн хамгийн их таашаан худалдан авдаг моцарелла бяслаг нь 2021 онд импортыг орлох бүтээгдэхүүнээр, 2022 онд Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байжээ.
Тус компани нь 2020 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд уг зээлийг үр ашигтай зарцуулснаар дотоодын 10 гаруй үзэсгэлэнд оролцож, 1.0 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Мөн Монголын бяслаг урлаачдын нэгдэлд идэвхтэй хамрагдаж, эко бяслаг үйлдвэрлэн, дотоод, гадаад зах зээлд түгээн дэлгэрүүлэх үндэсний үйлдвэрлэгчээр ажиллаж байна.
Тус экспортын төлөвлөгөөнд “Cheese Way” гэх брэндийн нэрийг сонгож, 2034 он хүртэл 10,169,811 ширхэг бүтээгдэхүүн экспортлон, нийт 30.6 сая ам.долларын орлого олж, 20.4-30.0 хувийн ашигтай ажиллахаар тусгасан.
Энэхүү ажил нь хөнгөлөлттэй зээл авсан зээлдэгчдийн үйл ажиллагааг олон улсад сурталчилж, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сурсан мэдсэн зүйлээ салбарын хамт олонд түгээж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг сурган чиглүүлэхэд бодит дэмжлэг болсон.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Хуваалцах