ЖДҮХС-ААС ОЛГОСОН ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ, ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжүүлэлт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр болж өнгөрлөө.

Тус хуралдаанаар ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Тусгай активын хэлтсийн дарга Н.Энхтөр нар “ЖДҮХС-ийн олгосон зээлийн хэмжээ, нөхцөл, зээлийн эргэн төлөлтийн байдал, сангийн төсөвт үзүүлж буй нөлөөлөл, хэрэгжилтийн явц, үр дүн”-ийн талаар танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүдийн асуултад хариулт өглөө. Мөн “Бизнес Өсөлт “ ТББ-аас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцож, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх, зээл олголтын дараах чадавхжуулах арга хэмжээг төрөөс шаталсан байдлаар үзүүлэх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог тодорхой болгох, бүтцийн давхардал, үйл ажиллагааны давхцалыг арилгахад хэрэгтэй талаар өөрсдийн санал бодлыг илэрхийллээ.

Хуваалцах