"ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАНДИВЛАГЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ"-ЫГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хандивлагчдын хамтын ажиллагааны уулзалт”-ыг (2025.11.27) амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг ногоон, өрсөлдөх чадвартай, орчин үеийн ухаалаг технологийг ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, экспортын чиг баримжаатай болгох нь уулзалтын гол зорилго байв.  Уулзалт нь төрийн байгууллага, донор, хувийн хэвшлийн төлөөлөгчдөд санаа бодлоо солилцож, хамтын ажиллагааны боломж, санхүүжилтийн эх үүсвэрийг хэлэлцэх боломжийг олголоо.
Уулзалтад оролцсон “Дэлхийн банк”, “Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк”, “Азийн хөгжлийн банк”, “Олон улсын санхүүгийн корпораци”, “ЖАЙКА” зэрэг байгууллагын төлөөлөгч нар Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлд хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаарх мэдээллийг танилцуулав.ХХААХҮЯ нь хэрэгжиж буй хөтөлбөрүүдээ танилцуулж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын одоогийн байдал, экспортын гол сорилтууд болон боломжуудыг танилцууллаа. Донорын төлөөлөгчид салбарт үзүүлэх дэмжлэгийнхээ хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, хөрөнгө оруулалт болон ирээдүйн төлөв байдлыг танилцуулсан юм.
Түүнчлэн Монгол Улсын санаачлагаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP) болгон зарласантай холбогдуулан ирэх онд ХХААХҮЯ-аас хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Энэхүү өндөр түвшний доноруудын уялдааны уулзалт нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, экспортын зорилтоо биелүүлэхэд төр, хөгжлийн түншүүд, хувийн хэвшлийн оролцогчдын хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэхэд чиглэлээ.
Хуваалцах