Өсвөр үхэр бордох загвар хоршооны төсөл
ХХААХҮЯ-ны ТНБД-ын тушаалаар батлагдсан ”Өсвөр үхэр бордох загвар хоршооны төсөл” хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд Дархан-Уул аймгийн Дархан сумын “Баянбулагтай сант”, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоонд ажиллав. Энэ төслийг хоршооны бүтцэд тулгуурлан малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж, бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох зорилгоор махны болон сүүний гарц нэмэгдүүлэхээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 3 хоршоон дээр хэрэгжүүлж байна. 
Өсвөр үхрийг жорын дагуу бэлтгэсэн “Баавар” тэжээл, байгалийн хадлан, ногоон болон даршилсан тэжээл, бусад эрдэс нэмэлт тэжээл, зөвлөх багийн зөвлөсөн технологийн дагуу тэжээснээр 35 хоногийн хугацаанд хоногийн нэмэгдэл жин 40-50 кг нэмэгдсэн үр дүнтэй байна. 
Тус төслийг ХХААХҮЯам, ЖДҮГ, ХААБ, ХААК, ЗБДС, Цахим хоршоо төсөл, Хараа хөвч хангай ХХК, Майнд теч ХХК зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Мөн Баянбулагтай сант хоршоо нь “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд 50,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр 150 хургатай хонь худалдан авч төлүүлэн 300 толгой болгон өсгөөд байна.Мөн керей үүлдрийн хуц тавьж, сүргийн бүтцээ сайжруулснаар хонины махаа экспортод гаргах зорилготой ажиллаж байна.



