Хуулийн төслийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллүүдээр хэлэлцүүлэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон хэлэлцүүлэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хоршоод, салбарын холбоод, төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцов.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Зах зээлийн эдийн засагтай орны хувьд хувийн хэвшлил, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах нь чухал. Төрөөс хөнгөлөлттэй зээл, газар олголт, дэд бүтэц, татварын хөнгөлөлт, төрийн худалдан авалтаар бизнес эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна. Цаашид нөхөн сэргээгддэггүй газрын хэвлийн баялаг болон төрийн нийтийн өмчит компаниудаас орж буй АМНАТ, ногдол ашгаас нөхөн сэргээгддэг бөгөөд хүнс, хөдөө аж ахуй өрхийн, хөнгөн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, дотоод худалдаа, үйлчилгээний салбарыг дэмжих тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна” гэлээ.

Оролцогдын зүгээс борлуулалтыг дэмжих, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, зээлийн тодорхой үлдэгдэлтэй тохиолдолд дахин зээл авах нөхцөл бүрдүүлэх, бүртгэлийг автоматжуулах, зээлийг цахим, нээлттэй болгох, бизнесийн зөвлөх үйлчилгээг нарийвчлан тодорхойлох, оюуны өмчийг хамгаалах асуудалд анхаарах, Хөдөө аж ахуйн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах, үйлдвэрлэлийг дэмжихдээ дотоодын зах зээлийг хамгаалах, даавуу материалын дээж авах, шинжлэх лабораторитой болох, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих, гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээтэй уялдуулах зэрэг санал дэвшүүлэв.

Түүнчлэн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчдэд хамгийн их тулгамддаг дэд бүтэц, газар олголтын асуудлыг хөндсөн нь нэн чухал зохицуулалт болж буйг тодотгоод шалгуур үзүүлэлт, холбогдох журмыг оновчтой тодорхойлж, бодит ажил хэрэг болгохыг хүслээ.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар нэг удаа тодорхой нөхцөлтэйгээр газар олгох, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн, хөнгөлөлттэй зээлийг тасралтгүй шатлан олгох, хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, хуваарилалтыг тодорхой болгох, бизнес инкубатор, дэмжих төвийн тогтолцоо, нэгдсэн удирдлага зохион байгуулалттай болгох, бизнесийн хөгжлийн шаталсан сургалт, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, кластераар хамтарсан, хоршсон жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжсэн томоохон аж ахуйн нэгжид татварын хөнгөлөл үзүүлэх зэрэг нэмэлт, өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар бичил бизнесээс жижиг бизнес рүү, жижиг бизнесээс дунд бизнес рүү, дунд бизнесээс томоохон үйлдвэр эрхлэлт рүү шат дараатай шилжих замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, үйл ажиллагаагаа өргөтгөх идэвх санаачилга нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдээ, нэмэгдсэн өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө хэмээн үзэж буй.

Мөн Жижиг, дунд үйлдвэр  үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг дагалдуулан Төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Хуваалцах