Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

Экспортлогчдын “Экспорт Монгол” зөвлөлдөх уулзалт “Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортоор эдийн засгаа төрөлжүүлье” уриан дор болж байна.


ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, Монголын Ноос ноолуурын холбоо, “Экспорт Монгол” олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулж буй уулзалтаар уул уурхайн бус салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, төр, олон улсын байгууллагын дэмжлэг, бодлогын уялдааг сайжруулах, санхүүжилт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, хөрөнгө оруулалт, чанар, стандарт, баталгаажуулалт гэхчлэн экспортыг нэмэх чиглэлээр хамтын ажиллагааны санал, шийдлийг хэлэлцэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлогын санал боловсруулах юм.


Манай улсын экспортын дийлэнх нь уул уурхайн баялагт түшиглэдэг тул олон улсын геополитик, нэг зах зээлээс хамааран үнийн хувьд мэдрэг байх сул талтай. Уул уурхайн бус салбар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүнийг ажлын байраар ханган, нийгэм эдийн засагт ач холбогдолтой. Манай орны хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар баялаг нөөцөө боловсруулж нэмүү өртөг шингээн экспортлоход түлхүү анхаарах шаардлагатайг “Экспорт Монгол” олон улсын худалдааны төвийн захирал Д.Оюунбилэг онцлов.

Тэрбээр, “Дэлхийн хэрэглэгчид тогтвортой, органик, эко бүтээгдэхүүнийг сонирхох болсон. Бид энэ зах зээлд өрсөлдөх арвин нөөц боломжтой учир инновац шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч байна. ЭЗХЯ байгуулснаар эрх зүйн зохицуулалт хийх, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж боломж олгох зэргээр тохироо нь бүрдэж, өөрсдөө хичээвэл бүтээгдэхүүн экспортлох орон болоход ойрхон байна” гэлээ.
Манай улсын уул уурхайн бус салбар нийт экспортын 7 хувийг эзэлдэг. Үүний 36 хувийг нь ноос ноолуур, 7 хувийг нь мах, махан бүтээгдэхүүн эзэлдэг. Мөн жилд малын түүхий эд 15 сая ширхэг арьс хаягддаг нь харамсалтай тоо юм.
Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт", "Хүнсний хувьсгал” хөтөлбөр, УИХ-ын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай", УИХ-ын 2024 оны "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай" тогтоолоор хэрэгжүүлсэн ажлууд багагүй үр дүн өгч байгааг оролцогчид дурдаж байсан юм.

2020 оноос хойш зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалтад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч, экспортлогч, бизнес эрхлэгч, төрийн болон олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын 100 гаруй төлөөлөл оролцжээ.

Хуваалцах