Монголын бүтээгдэхүүний онцлог нь органик, байгалийн гаралтай
FOODEX JAPAN 2026. Япон улсын нийслэл Токио хотод жил бүр зохиогддог Азийн хүнс, ундааны хамгийн том үзэсгэлэн худалдаанд Монгол улсаас "Боса Кондитер ХХК (SHI-RA шар сүүний амттан), "Арвайн Үндэс" ХХК (Khan, Chass шар айраг, Соёлт, Sayan, Aurora wave архи), "Булган Мах Маркет" ХХК (Адууны мах), "Цайдам Трейд" ХХК (Бурамхан брэнд, Ингэний сүүтэй чихэр), "Төгс Уураг" ХХК (Хөлдөөж хатаасан тараг) "Монос хүнс" ХК (Чацарганы бүтээгдэхүүн, барагшуунтай бүтээгдэхүүн), "Есөн од" ХХК (Шоколад), "Шидэт хүнс" ХХК (Баяжуулсан жигнэмэг) оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
2026 оны 3-р сарын 10-13-ны хооронд болсон 51 дэх удаагийн үзэсгэлэнд дэлхийн 3000 гаруй оролцогч 80,000 гаруй зочдыг хамарчээ. 
Монгол улс энэ үзэсгэлэнд 3 дахь удаагаа оролцож байна. FOODEX JAPAN үзэсгэлэн худалдаанд өмнөх жилүүдэд оролцсон "Булган мах маркет" адууны мах, "Майнд Тэч" ХХК "Эзэгтэй" ургамлын тосоо Япон улсад худалдаалж эхлээд байна. Мөн "Хушхан" брэнд Тайвань улсад экспортлох гэрээ байгуулжээ.
Өчигдөр FOODEX JAPAN-2026 д оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, ерөнхий зохион байгуулагчаар ажилласан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд, үйлдвэрийн газар, Жугамо байгууллага, Монгол-Японы төв, ивээн тэтгэгч Жайка ОУ-ын байгууллага хамтран үзэсгэлэнгийн үр дүнг дүгнэн хэлэлцсэн уулзалт зохион байгуулав. Үзэсгэлэн худалдаанаас нэг сарын хугацаа өнгөрч буй хэдий ч Монголын 2-3 компанитай Японы зүгээс харилцаа холбоо тогтоож бүтээгдэхүүнийг нь сонирхон судалж байгаа, мөн "Монос Хүнс"-ийн барагшуун бүтээгдэхүүнийг сонирхон Япон улсын компани гэрээ байгуулах чиглэлд ажиллаж байна гэлээ.
Гадаадын улс орнуудад зохиогддог томоохон үзэсгэлэн худалдаанд оролцоход зардал өндөр, сайтар зохион байгуулалт шаардлагатай байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцоход төрийн дэмжлэг гол үүрэг гүйцэтгэсэнд хүнс үйлдвэрлэгчид талархлаа илэрхийлж байна. Ерөнхий зохион байгуулагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, дарга Я.Эрдэнэсайхан, Жугамо байгууллага, дэд ерөнхийлөгч З. Сугар, Монгол-Японы төв, Хөгжлийн шийдэл ТББ-ын сайн дурын гишүүн Танака сан нарт нийт оролцогчид талархаж буйгаа илэрхийлэв.
Төрийн зүгээс хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, гадаад зах зээлд экспортын боломжийг нээж, өргөжүүлэхэд ийнхүү хамтран ажиллаж үр дүнд хүрч байна. Цаашид байгууллагуудыг илүү өргөн хүрээнд хамруулах тухай, мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, олон улсын стандарт баталгаануудыг хэрхэн хангах тал дээр анхаарах зүйлс байгааг ч оролцогчид хэлэлцсэн юм.


