НАМРЫН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС, УРГАЦ ХУРААЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай шуурхай хурал зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлууд болон намрын тариа хураалт, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг, чиглэл өглөө.
Сайд Ц.Идэрбат ургацын урьдчилсан балансыг шуурхай гаргах, таримлын төрөл тус бүрээр ургацын тооцоо, төлөвийг нарийвчлан боловсруулах, ургац хураалтын арга, технологийн төлөвлөгөөг гаргах, улсын нөөцийн улаанбуудай бэлтгэх, ургацын комиссыг шуурхай байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, ургац хураалтын үед шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэх, ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох удирдлагуудад даалгав.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг эрчимжүүлж, салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Мөн хурлаар COP17-г зохион байгуулах Үндэсний хорооны Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд хорооны бэлтгэл ажил, зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэв. Түүнчлэн ХХААХҮЯ-наас зарласан тендер, сонгон шалгаруулалт, хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх чиглэлийг өглөө.
ХХААХҮЯ.2026.08.10
Хуваалцах