ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС 2009 ОНООС ХОЙШ НИЙТ 9272 ЗЭЭЛДЭГЧИД 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН БӨГӨӨД ҮҮНЭЭС 7978 БУЮУ 86 ХУВЬ НЬ ЗЭЭЛЭЭ БҮРЭН БАРАГДУУЛСАН

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээлэлд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох газрын дарга нар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Малын удмын сангийн үндэсний төвийн удирдлагууд оролцов.
Хэвлэлийн хурлын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр салбарын ерөнхий хяналтын сонсголын үеэр ЖДҮХС-тай холбоотой зарим ташаа дүгнэлт гарсныг хэлж, сангийн зээл олголт, төлөлт, салбарын өсөлттэй холбоотой асуудлаар мэдээлэв.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС) 2009 оноос хойш нийт 9272 зээлдэгчид 1.1 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүнээс 7978 буюу 86 хувь нь зээлээ бүрэн барагдуулж дуусчээ.
2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус санд 1294 зээлдэгч бүртгэлтэй байгаагаас дийлэнх нь зээлээ хугацаандаа хэвийн төлж байна. Харин үүнээс 274 зээлдэгчийн зээл "муу" ангилалд багтаж байгаа нь нийт зээлдэгчдийн ердөө 2.9 хувийг эзэлж байгаа юм. Тиймээс хэвлэлээр яригдаад буй "хоёр зээл тутмын нэг нь муу байна" гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй, ойлгомжгүй байна. Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ) байгуулагдсанаас хойших бүх мэдээлэл тус газрын цахим хуудсанд сар бүрээрээ ил тод байршиж ирсэн.
Түүнчлэн, "муу" ангилалтай 274 зээлдэгчийн 80 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаар шүүхэд хандсанаас 80 хувийнх нь шүүхийн шийдвэр гарч, үлдсэн 20 хувь нь шүүхийн шатанд үргэлжилж байна. 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 218 зээлдэгчид холбогдох 71 тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, үүнээс 60 зээлдэгч зээлээ бүрэн барагдуулсан.
ЖДҮ-ийн салбарын үзүүлэлтийг 2009 онтой харьцуулахад бодит өсөлтүүд гарсан. Тухайлбал:
- Аж ахуйн нэгжийн тоо: 2009 онд 25 мянган ЖДҮ эрхлэгч иргэн, ААН байсан бол өнөөдөр улсад данстай, татвар төлдөг 83 мянган ААН бий болжээ.
-Ажлын байр: ЖДҮ-ийн салбарт ажиллагсдын тоо 300 мянга байсан бол өнөөдөр 590 мянга болж нэмэгдсэн байна.
-Бүтээмж: 2009 онд 112 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эрхэлж байсан бол 2025 онд 2 их наяд төгрөгт хүрч, үйлдвэрлэлийн бүтээмж 18 дахин өсжээ.
Эдгээр дэмжлэгийн үр дүнд 2300 үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр бий болж, тус салбараас жил бүр улсын төсөвт 120 тэрбум төгрөгийн татвар, 185 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төвлөрүүлж буйг дурдав.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам.
2026/10/05
Хуваалцах