"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2022" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД В2В УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж буй "Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл" нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн өдөрлөгөөр үргэлжиллээ.
Тус өдөрлөгийн үеэр ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв, МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, сонирхогч талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх B2B уулзалт, бизнесийн байгууллагууд хооронд хамтран ажиллах Санамж бичиг зурах ажиллагааг зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэд СХТ-ийн захирал Б.Батхүү, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар оролцож үг хэлэв.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан "Намрын ногоон өдрүүд-2022" нэгдсэн арга хэмжээнд нийслэл, орон 21 аймгаас 400 гаруй оролцогч 2000 орчим бүтээгдэхүүнээрээ оролцож байна" гэсэн бол СХТ-ийн захирал Б.Батхүү тус үзэсгэлэн худалдаа эхэлснээс хойш 5 хоногийн хугацаанд 640 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгээд байгааг хэлсэн үгэндээ онцолсон юм.
Энэ үеэр Бизнесийн байгууллагууд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Тухайлбал,
Блүфин Катеринг ХХК нь Талх чихэр ХХК, Түмэн шувуут ХХК, Юу Би Си брэнд ХХК-тай гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн болон чацарганаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хангах санамж бичгийг,
Говийн өндөр ХК, Маш Мах ХХК хооронд судалгаа, брэнд бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх санамж бичгийг байгуулав.
В2В уулзалтад үр тариа, жимс ногоо тариалагч боловсруулагч, хүнс хөдөө аж ахуй тоног төхөөрөмж нийлүүлэгч, эрдэм шинжилгээ туршилт судалгааны байгууллага, зөгийн бал болон бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцсоноос гадна "Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэнд оролцогч ОХУ-ын компаниудын төлөөлөл ирж оролцлоо.
Хуваалцах