Академич Т.Дорж: ЕАЭЗХ-тай хийсэн хэлэлцээр Монголын экспортын бүтцийг сайжруулахад бодит түлхэц өгч чадна

АКАДЕМИЧ Т.ДОРЖ: ЗАХ ЗЭЭЛЭЭ НЭЭХ, ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИХ, ЭКСПОРТЫН САНХҮҮЖИЛТ ХИЙХ, СТАНДАРТАА САЙЖРУУЛАХ, БРЭНД БИЙ БОЛГОХ БОДЛОГО ХАМТ ЯВБАЛ ЕАЭЗХ-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭР МОНГОЛЫН ЭКСПОРТЫН БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХАД БОДИТ ТҮЛХЭЦ ӨГЧ ЧАДНА.

Евразийн эдийн засгийн комиссын худалдааны асуудал эрхэлсэн сайд Андрей Слепнев болон Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбаагийн Энхбаяр нар Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хоорондын худалдааны түр хугацааны хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22-ноос эхлэн хүчин төгөлдөр болно хэмээн мэдэгдлээ.

Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан худалдааны хэлэлцээрийн талаар Академич Т.Доржтой (УБЭИС) ярилцав.

-Таны бодлоор Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан худалдааны хэлэлцээр нь Монголын ямар бараа бүтээгдэхүүний экспорт, мөн аль улс руу хийгдэж буй экспортыг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх вэ? Монгол Улсын хувьд ЕАЭЗХ нь зөвхөн Орос Улс биш биз дээ, тийм үү?

- Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ англи.EAEU) НЬ Орос, Белорусь, Казахстан, Армен, Киргиз гэсэн таван улсыг хамарсан бүс нутгийн холбоо юм. Тиймээс Монголын хувьд ЕАЭЗХ гэдэг нь зөвхөн Орос бус харин дээрх бүх гишүүн улсыг хамарна. ЕАЭЗХ-ны нийт зах зээл нь 180 гаруй сая хүн амтай. Тус хэлэлцээрт Монгол Улс ЕАЭЗХ-ны гишүүн орнууд 2025 оны Зургаадугаар сарын 27-нд Минск хотноо анх гарын үсэг зурсан юм. ЕАЭЗХ-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр энэ оны Долоодугаар сарын 22 өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

Монгол Улс ЕАЭЗХ-тай чөлөөт худалдаа эсвэл хөнгөлттэй худалдааны хэлэлцээр байгуулбал зөвхөн Орос руу биш, дээрх таван улсын зах зээл рүү тодорхой барааны экспортоо өсгөх боломжтой.

Монголын хувьд ашигтай байж болох гол экспортын чиглэлүүд гэвэл мах, махан бүтээгдэхүүн үхэр, хонь, ямааны мах, хиам боловсруулсан мах, органик гаралтай мах ОХУ, Казакстанд адууны мах Казакстан, Киргизийн зах зээлд эрэлт өндөртэй байж болох юм. Монголын ноос, ноолуурын бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадвар өндөртэй салбарын нэг. Энэ салбарын ноолууран цамц, нэхмэл бүтээгдэхүүн, эсгий эдлэл зэрэг нь хүйтэн уур амьсгалтай ОХУ, Беларус, Кизакстан зэрэг орны зах зээлд эрэлттэй байдаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүн зөгийн бал, чачаргана, эмийн ургамал, органик хүнс зэргийг дундаж давхарга өсөж буй ОХУ, Казакстанд арьс, шир, цүнх савхин гутал бэлэг дурсгалын бүтээгдэхүүн дээрх таван орны зах зээлд экспортлох боломжтой.

Хэдийгээр Монголын уул уурхайн экспортын гол зах зээл нь БНХАУ хэвээрээч флюорит, жонш, зарим метал боловсруулах бүтээгдэхүүн зэргийг ЕАЭЗХ-ны үйлдвэрлэлийн сүлжээнд нийлүүлэх боломж бий.

Монголын зарим үйлдвэрлэгчид ЕАЭЗХ-өөс болгоомжилдог шалтгаан нь сүү, гурил, хүнс гэх зэрэг бүтээгдэхүүн Монгол руу хямд орж ирэх талтай. Тиймээс экспорт өсөх үү эсвэл импортод дарагдах уу гэдэг дээр маргаантай байдаг. Монголын эдийн засаг Хятадаас хэт хамаарах хамаарлаа багасгаж, ОХУ, Төв Азийн зах зээл руу гаргах, экспортын чиглэлээ төрөлжүүлэх зорилгоор ЕАЭЗХ-той ойртох
сонирхолтой.

-Эдийн засаг нь хөгжиж буй улс орон бүр экспорт дахь бэлэн болон боловсруулсан бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэхийг эрмэлздэг. ЕАЭЗХ-той байгуулсан худалдааны хэлэлцээр нь Монгол Улс энэхүү зорилгодоо хүрэхэд нь туслах уу?

- Тийм, тодорхой нөхцөлүүд хангагдвал Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны хэлэлцээр нь Монгол улсын экспортын бүтцийг "түүхий эдээс боловсруулсан бүтээгдэхүүн рүү" шилжүүлэхэд тодорхой хэмжээгээр тусалж чадна. Гэхдээ энэ автоматаар биелэхгүй, Монголын үйлдвэрлэлийн бодлого, стандарт, ложистик, санхүүжилттэй хамт явах ёстой.

Чөлөөт худалдааны хэлэлцээр өөрөө үйлдвэр байгуулдаггүй, харин үйлдвэр хөгжих зах зээлийн боломжийг нээдэг. Монголын өнөөгийн асуудал Монголын экспортыг гол хэсгийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий ноолуур зэрэг анхан шатны бүтээгдэхүүн эзэлдэг. Харин хөгжиж буй орнуудын зорилго нь: нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох, технологи хөгжүүлэх, экспортын орлогоо тогтвортой болгох, зорилготой учраас боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг эрмэлздэг.

ЕАЭЗХ энэ зорилгод тусалж болно. ЕАЭЗХ нь 180 сая гаруй хэрэглэгчтэй нэгдсэн том зах зээл нээгдэнэ. Хэрэв тариф буурвал Монгол улс түүхий ноолуур биш - бэлэн хувцас, түүхий арьс биш - савхин бүтээгдэхүүн, амьд мал биш - боловсруулсан мах зэргийг гаргах сонирхол нь үр ашиг орлого өндөртэй боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд түлхэц болно.

Иймээс боловсруулах үйлдвэр байгуулах эдийн засгийн үндэс сайжирна Жишээ нь: Хэрэв Монгол зөвхөн дотоодын 3,5 сая хүнтэй зах зээлд түшиглэвэл том үйлдвэр ашиггүй стандарт, үйлдвэрлэлийн шинэчлэл хувдасч болно. ЕАЭЗХ-ийн зах зээлд гарахын тулд: ариун цэвэр, мал эмнэлгийн стандарт, сав баглаа боодол, үйлдвэрийн чанарын хяналт, сайжруулах шаардлагатай болно. Энэ нь урт хугацаандаа Монголын үйлдвэрлэлийн чанарыг өсгөж хөдөө аж ахуй түүхий эдийг дотооддоо боловсруулах хөшүүрэг болох талтай. Өнөөдөр Монгол улс ноолуурынхаа ихэнхийг угаагаагүй эсвэл хагас боловсруулсан хэлбэрээр, арьс ширээ түүхий байдлаар, малаа амьдаар гаргах тохиолдол бий.

Харин тарифийн хөнгөлөлт боловсруулсан бараанд илүү ашигтай байвал: ээрэх, нэхэх, оёх, мах боловсруулах салбарууд өргөжин тэлэх боломжтой. Монгол Улсад хөгжүүлэхэд хамгийн их боломжтой салбарууд бий. Тухайлбал ноолууран нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэр юм.

Зөвхөн түүхий ноолуур биш брэнд бүтээгдэхүүн, бэлэн хувцас, өндөр зэрэглэлийн нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Мөн мах боловсруулах чиглэлээр вакуум мах, лаазалсан бүтээгдэхүүн, хиам, хөлдөөсөн мах экспортлох боломж нэмэгдэнэ.

Арьс ширийн чиглэлээр савхин гутал, цүнх, бэлэг дурсгал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Органик хүнсний хувьд чацаргана, зөгийн бал, эмийн ургамал боловсруулсан хэлбэрээр экспортлох боломж бий.

Гэхдээ зарим эрсдэл бий болж болзошгүй сөрөг тал ч гарах талтай Монголын үйлдвэрүүд өрсөлдөөнд шахагдаж магадгүй ЕАЭЗХ-ын: ОХУ, Беларусь нь зарим салбарт Монголынхоос илүү боловсронгуй үйлдвэртэй. Хэрэв хамгаалалтгүй байвал: хүнс, сүү, гурил, хөнгөн үйлдвэр импортод шахагдаж болно. Зөвхөн импорт өсөөд үлдэх эрсдэл. Хэрэв Монгол: Үйлдвэрээ хөгжүүлэхгүй, стандарт хангахгүй, ложистик сайжруулахгүй бол хэлэлцээрийн ашиг нь экспорт биш, импортын өсөлт болчих эрсдэлтэй.

Ложистикмийн асуудал Монголын гол бэрхшээл: тээврийн зардал өндөр, хил гааль удаан, хүйтэн хэлхээ холбоо сул, иймээс зөвхөн тариф буурах нь хангалтгүй.

Тиймээс хамгийн зөв бодлого нь "Экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэр + худалдааны хэлэлцээр" хоёрыг хамтад нь хөгжүүлэх явдал. Өөрөөр хэлбэл: зах зээлээ нээх, үйлдвэрээ дэмжих, экспортын санхүүжилт хийх, Тиймээс хамгийн зөв бодлого нь: "Экспортын чиглэлтэйг боловсруулах үйлдвэр + худалдааны хэлэлцээр" хоёрыг хамтад нь хөгжүүлэх явдал.

Өөрөөр хэлбэл: Зах зээлээ нээх, үйлдвэрээ дэмжих, экспортын санхүүжилт хийх, стандартаа сайжруулах, брэнд бий болгох бодлого хамт явбал ЕАЭЗХ-тай хэлэлцээр Монголын экспортын бүтцийг сайжруулахад бодит түлхэц өгч чадна.

-Гаалийн тарифыг тэглэх нь бүтээгдэхүүний техникийн стандартыг нэгтгэх уйгагүй ажиллагаагүйгээр шууд үр дүнд хүрэхгүй гэдэг нь нууц биш юм. Энэхүү ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ? Мөн уг ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар өөр юу хийх нь зүйтэй вэ?

-Гаалийн тарифыг бууруулах эсвэл тэглэх нь дангаараа худалдааг эрчимжүүлэх хангалттай нөхцөл биш байдаг. Учир нь бараа бүтээгдэхүүн хилээр чөлөөтэй нэвтрэхийн тулд техникийн стандарт, тохирлын үнэлгээ, лабораторийн шалгалт, гарал үүслийн баталгаажуулалт зэрэг "үл тарифын саад"-ууд хоорондоо нийцсэн байх шаардлагатай. Тиймээс техникийн стандартын уялдаа нь чөлөөт худалдааны бодлогын үндсэн тулгуур болдог. Энэ ажлыг олон улсын практикт дараах үндсэн хэлбэрээр зохион байгуулдаг.

  1. Стандартыг харилцан хүлээн зөвшөөрөх

Улсууд өөр хоорондоо "нэг улсад баталгаажсан бүтээгдэхүүнийг нөгөө улс дахин давхар шалгахгүй" байх зарчим тогтоодог. Үүнийг тохирлын үнэлгээний харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA) гэдэг. Ингэснээр экспортлогчдын зардал, хугацаа эрс буурдаг.

  1. Олон улсын стандартыг шууд нэвтрүүлэх

ISO, IEC, Codex зэрэг олон улсын стандартуудыг үндэсний стандарттайгаа уялдуулдаг. Ингэснээр үйлдвэрлэгчид зөвхөн дотоодын бус, олон улсын зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болдог.

  1. Хамтарсан техникийн хороо байгуулах

Худалдааны түнш орнууд салбар бүрээр (хүнс, эм, барилгын материал, цахилгаан бараа гэх мэт) хамтарсан ажлын хэсэг байгуулж:

  • стандартын ялгааг тодорхойлох,
  • давхардсан шаардлагыг цөөлөх,
  • шинэ техникийн зохицуулалтыг урьдчилан мэдээлэх,
  • лабораторийн чадавхыг уялдуулах зэрэг ажлыг тогтмол хийдэг.
  1. Цахим мэдээллийн нэгдсэн систем ашиглах

Экспорт, импортын зөвшөөрөл, сертификат, гаалийн мэдээллийг цахимаар солилцох нь хил дээрх саатлыг бууруулдаг. "Single Window" системийг олон улс хэрэглэж байна.

Монгол Улсын Засгийн газрын хувьд дараах чиглэлд илүү анхаарах нь зүйтэй.

  • Үндэсний стандартыг олон улсын стандарттай илүү хурдтай нийцүүлэх;
  • Лаборатори, баталгаажуулалтын байгууллагын олон улсын итгэмжлэлийг нэмэгдүүлэх;
  • Экспортын гол салбаруудад (мах, ноолуур, уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэт) техникийн саадыг бууруулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Хөрш болон худалдааны түнш орнуудтай харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах;
  • Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд стандарт нэвтрүүлэх санхүүгийн болон сургалтын дэмжлэг үзүүлэх;
  • Гааль, мэргэжлийн хяналт, стандартын байгууллагуудын мэдээллийн системийг уялдуулах.

Ялангуяа Монгол Улсын хувьд экспортын бүтэц харьцангуй төвлөрсөн учраас техникийн стандартын нийцэл нь зөвхөн худалдааны асуудал биш, харин эдийн засгийн өрсөлдөх чадварын асуудал юм. Тариф тэг болсон ч стандарт зөрүүтэй хэвээр байвал бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэхгүй хэвээр үлддэг. Харин стандартын уялдаа сайжирвал тарифын хөнгөлөлтийн бодит үр ашиг мэдэгдэхүйц өсдөг.

-Орос, Монголын хооронд санхүүгийн төлбөр тооцоо хийхэд гарч буй хүндрэл бэрхшээлүүд нь худалдааны хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад болж болох уу? Эдгээрийг хэрхэн даван туулах боломжтой вэ?

-Тийм. ОХУ, Монголын хоорондын санхүүгийн төлбөр тооцооны хүндрэл нь худалдааны хэлэлцээрийн бодит хэрэгжилтэд саад болж болзошгүй. Учир нь тариф буурсан, гаалийн нөхцөл хөнгөрсөн байсан ч төлбөр найдвартай, хурдан, бага зардлаар хийгдэхгүй бол худалдаа практик дээр удааширдаг.

Одоогийн нөхцөлд дараах үндсэн хүндрэлүүд ажиглагдаж байна.

  • Олон улсын хориг, санхүүгийн хязгаарлалт

ОХУ-ын зарим банк SWIFT системээс хасагдсан нь ам.доллар болон еврогоор хийх шилжүүлгийг төвөгтэй болгосон.

  • Банк хоорондын эрсдэл өссөн

Гуравдагч орны банкууд эрсдэлээс болгоомжилж гүйлгээ саатуулах, нэмэлт шалгалт хийх тохиолдол нэмэгдсэн.

  • Валютын ханшийн савлагаа

Рублийн ханшийн тогтворгүй байдал нь урт хугацааны гэрээ байгуулахад эрсдэл үүсгэдэг.

  • Төлбөрийн хугацаа уртсаж буй асуудал

Экспортлогч, импортлогч компаниуд мөнгөн урсгалын хүндрэлд орох эрсдэлтэй.

  • Санхүүгийн дэд бүтцийн уялдаа сул

Хоёр улсын банкны систем, цахим төлбөрийн сувгууд бүрэн интеграцчилагдаагүй.

Эдгээр асуудал нь худалдааны хэлэлцээрийн үр нөлөөг хэд хэдэн байдлаар сулруулж болзошгүй.

  • бараа нийлүүлэлт саатах,
  • бизнесийн зардал өсөх,
  • жижиг, дунд экспортлогчид зах зээлээс шахагдах,
  • хэлэлцээрийн ашиг бодит эдийн засагт хүрэхгүй байх зэрэг эрсдэлтэй.

Даван туулахын тулд дараах арга хэмжээнүүдийг авч болно.

  1. Үндэсний валютаар хийх төлбөрийг нэмэгдүүлэх

Төгрөг–рублийн шууд тооцооны механизмыг өргөжүүлбэл долларын зуучлалаас хамаарал буурна. Ингэснээр гадаад хоригийн нөлөө тодорхой хэмжээнд багасна.

  1. Төв банкуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Монголбанк болон ОХУ-ын Төв банк хооронд:

  • своп хэлцэл,
  • клирингийн механизм,
  • шууд корреспондент харилцаа зэрэг санхүүгийн сувгийг хөгжүүлэх боломжтой.
  1. Альтернатив төлбөрийн систем ашиглах

SWIFT-ээс гадуурх бүс нутгийн болон хоёр талын төлбөрийн системийг ашиглах гарц бий. Гэхдээ энэ нь олон улсын дүрэм, санхүүгийн эрсдэлийг нарийн тооцох шаардлагатай.

  1. Экспортын даатгал, батлан даалтын тогтолцоог хөгжүүлэх

Төрөөс экспортын зээлийн баталгаа, төлбөрийн эрсдэлийн даатгал олговол бизнесүүдийн эрсдэл буурна.

  1. Худалдааны санхүүжилтийн тусгай механизм байгуулах

Хоёр улсын хамтарсан хөгжлийн сан, экспорт-импортын санхүүжилтийн шугам бий болгож болно.

  1. Санхүүгийн ил тод байдал, комплаенсыг сайжруулах

Монголын банкууд олон улсын AML/KYC стандартыг өндөр түвшинд мөрдвөл гадаад банкнуудын итгэл нэмэгдэнэ.

Монгол Улсын хувьд хамгийн чухал нь геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлэхгүйгээр худалдааны тасралтгүй байдлыг хангах тэнцвэртэй бодлого баримтлах явдал юм. Өөрөөр хэлбэл:

  • нэг сувгаас хэт хамаарахгүй байх,
  • төлбөрийн олон хувилбартай байх,
  • худалдааны түншүүдээ төрөлжүүлэх,
  • үндэсний санхүүгийн дэд бүтцээ бэхжүүлэх нь урт хугацаанд илүү тогтвортой шийдэл болно.

-ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд түр худалдааны хэлэлцээрийг байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр Монголын гурил, сүүн болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тус хэлэлцээрийн эдийн засгийн нөлөөллийн талаар санаа зовж байсан. Ийнхүү санаа зовох үндэслэл байна уу? Эдгээр салбарууд ямар шинэ боломжуудыг олж авах боломжтой вэ?

-Тийм, Монголын гурил, сүүн болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаа зовнил тодорхой хэмжээнд үндэслэлтэй. Учир нь Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны орнууд, ялангуяа Орос, Беларусь, Казахстан нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн томоохон хүчин чадалтай, төрийн дэмжлэг сайтай үйлдвэрлэгчидтэй. Ийм нөхцөлд тариф буурах нь Монголын зарим үйлдвэрлэгчдэд өрсөлдөөний дарамт авчрах эрсдэлтэй.

Ялангуяа дараах эрсдэлүүд бий.

  • Үнэ, өртгийн өрсөлдөөн

Том зах зээлтэй үйлдвэрлэгчид илүү хямд өртгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой тул дотоодын жижиг үйлдвэрүүд зах зээлээ алдах эрсдэлтэй.

  • Технологийн ялгаа

ЕАЭЗХ-ны зарим үйлдвэр автоматжуулалт, логистик, сав баглаа, чанарын стандартын хувьд давуу талтай.

  • Төрийн дэмжлэгийн хэмжээ

Хөдөө аж ахуйн татаас, экспортын дэмжлэг өндөртэй үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхөд Монголын компаниудад хүндрэл үүсч болно.

  • Импортын өсөлтөөс шалтгаалсан дарамт

Ялангуяа гурил, сүүн бүтээгдэхүүний импорт нэмэгдвэл дотоодын үйлдвэрлэл агших эрсдэлтэй гэж үйлдвэрлэгчид болгоомжилж байгаа.

Гэхдээ нөгөө талаас энэхүү хэлэлцээр нь шинэ боломжуудыг ч мөн нээж болно. Гол нь Монгол Улс зөв бодлого, хамгаалалтын механизмтай оролцох шаардлагатай.

Махны салбарын боломж

Монголын мах органик, бэлчээрийн гаралтай гэдгээрээ өрсөлдөх давуу талтай. Хэрэв:

  • мал эмнэлэг,
  • хорио цээр,
  • гарал үүслийн мөрдөлт,
  • боловсруулах стандарт сайжирвал

ЕАЭЗХ-ны том зах зээл рүү экспорт нэмэгдэх боломжтой.

Ялангуяа:

  • хонины мах,
  • адууны мах,
  • гүн боловсруулсан махан бүтээгдэхүүн өсөх боломжтой.

Сүүний салбарын боломж

Анх харахад импортын дарамт их мэт боловч:

  • хуурай сүү,
  • органик сүүн бүтээгдэхүүн,
  • уламжлалт бүтээгдэхүүн (ааруул, ээзгий зэрэг)

гэсэн бүтээгдэхүүнээр экспортын боломж гарч болно.

Мөн шинэ өрсөлдөөн нь:

  • чанар сайжруулах,
  • өртөг бууруулах,
  • технологио шинэчлэх

шахалт болж, урт хугацаанд салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх талтай.

Гурил, газар тариалангийн салбар

Энэ салбар хамгийн эмзэгт тооцогдож магадгүй. Учир нь:

  • ОХУ, Казахстан дэлхийн том үр тарианы экспортлогчид;
  • үйлдвэрлэлийн хэмжээ асар их;
  • логистикийн өртөг харьцангуй бага.

Гэсэн ч Монгол Улс:

  • дотоодын хүнсний аюулгүй байдлаа хамгаалах,
  • стратегийн бүтээгдэхүүндээ тодорхой хамгаалалтын зохицуулалт хадгалах,
  • улирлын тариф,
  • квот,
  • шилжилтийн хугацаа зэрэг механизмыг хэлэлцээрт тусгах боломжтой.

Засгийн газар юу хийх нь зүйтэй вэ?

  • Эмзэг салбаруудад үе шаттай либералчлал хэрэгжүүлэх;
  • Үйлдвэрүүдийн шинэчлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • Экспортын стандарт, лабораторийн тогтолцоог бэхжүүлэх;
  • "Монгол органик", "бэлчээрийн гаралтай" зэрэг брэнд стратеги боловсруулах;
  • Жижиг үйлдвэрлэгчдийг кластер хэлбэрээр дэмжих;
  • Дотоодын үйлдвэрлэгчдэд шилжилтийн хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Иймээс үйлдвэрлэгчдийн болгоомжлол нь үндэслэлтэй боловч энэ хэлэлцээрийг зөвхөн эрсдэл гэж харах нь өрөөсгөл юм. Хэрэв Монгол Улс зөв тохиролцоо хийж, салбаруудаа шинэчлэх бодлого хавсаргаж чадвал ЕАЭЗХ-ны зах зээл нь дотоодын хүнсний салбарын өсөлт, экспортын шинэ гарц болж хувирах боломжтой.
-ЕАЭЗХ-ны хүрээнд Евроазийн Хөгжлийн Банк, Евроазийн Тогтворжуулалт, Хөгжлийн Сан зэрэг хөгжлийг дэмжих санхүүгийн байгууллагуудыг байгуулсан. Хэрэв Монгол Улс эдгээрийн үйл ажиллагаанд оролцож эхэлбэл түүний өмнө ямар боломжууд нээгдэх вэ?

-Хэрэв Монгол улс Евразийн эдийн засгийн холбоотой ойртон хамтран ажиллаж, түүнтэй холбоотой санхүүгийн байгууллагууд болох Евразийн хөгжлийн банк /ЕАХБ/ болон Евразийн тогтворжуулалт, хөгжлийн сантай хамтран ажиллах түвшинд хүрвэл Монголын өмнө хэд хэдэн стратегийн боломж нээгдэж болно.

Том хэмжээний дэд бүтцийн санхүүжилт татах боломжтой.

Евразийн хөгжлийн банк нь: Төмөр зам, Авто зам, эрчим хүч, логистик, хил дамнасан тээвэр, ус эрчим хүчний сүлжээ зэрэг интеграцийн төслүүдийг санхүүжүүлэх чиглэлтэй ажилладаг.

Монгол Улсын хувьд: Орос – Монгол - Хятадын эдийн засгийн коридор, төмөр замын шинэ шугам, эрчим хүчний экспорт, ложистигийн төвүүд зэрэг төслүүдэд урт хугацааны хөнгөлөлттэй санхүүжилт авах боломж нэмэгдэнэ.

Төв Азийн болон Евразийн зах зээлтэй илүү гүн холбогдох боломжтой. ЕАХБ нь зөвхөн байнга биш бүс нутгийн интеграцийн байгууллага учраас: хил дамнасан үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, экспортын дэд бүтэц, худалдааны коридор зэрэгт анхаарлаа хандуулдаг. Иймээс Монгол улс Казахстан, Беларусь, Кыргызстан, Армени зах зээл рүү гарах сувгаа өргөжүүлэх боломжтой.

Эрчим хүч, ногоон хөгжлийн санхүүжилт татах боломжтой. ЕАХБ сүүлийн жилүүдэд: ногоон эрчим хүч, нүүрстөрөгч бууруулах төсөл, ус эрчим хүчний, аюулгүй байдал, ESG санхүүжилт рүү ихээхэн төвлөрч ажиллаж байна.

Монгол Улсын хувьд салхи, нар, эрчим хүч хадгалах систем, бүс нутгийн эрчим хүчний экспорт зэрэг салбарт шинэ хөрөнгө оруулалт татах боломж гарч болно.

Монголын банкуудын санхүүжилтийн эх үүсвэр нь өргөжих талтай.

ЕАХБ нь арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох, батлан даалт гаргах, хөрөнгө оруулалтын сан байгуулах ажиллагаа хийдэг.

Үүний үр дүнд: Монголын ЖДҮ-үүд экспортлогч компаниуд боловсруулах үйлдвэрүүд урт хугацааны санхүүжилт авах шинэ сувагтай болж болно.

Технологи, дижитал шилжилтийн хамтын ажиллагааны чиглэлээр энэ байгууллага нь ЕАХБ "Digital Initiatives Fund" буюу дижитал санаачлагын сантай Монгол Улсын хувьд: Цахим гааль, хил дамнасан төлбөр тооцоо, логистикийн мэдээллийн систем, финтек, ухаалаг хот зэрэг төслүүдэд хамтрах боломж гарна.

Геоэдийн засгийн хувьд "гуравдагч тулгуур" бий болгох талтай.

Одоогоор Монгол Улсын эдийн засаг: экспортын хувьд Хятад-аас, шатахуун эрчим хүчний хувьд Орос-оос өндөр хамааралтай. Иймээс Евразийн санхүүгийн механизмуудад оролцсоноор: бүс нутгийн хамтын ажиллагаа өргөжих, олон талт санхүүжилтийн суваг нэмэгдэх, стратегийн тэнцвэр хадгалах боломж гарч ирнэ.

Судлаачдын судалгаанаас үзэхэд Монгол Улсын хувьд хамгийн боломжийн хувилбар нь: Зөвхөн нэг талд төвлөрөхгүй, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт Хөгжлийн банк, Дэлхийн банк, Евразийн банк санхүүгийн байгууллагуудтай "олон тулгуурт санхүүгийн бодлого" юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин. 2026.06.17

 

 

 

Хуваалцах