ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО БОЛОН МОНГОЛ УЛС ХООРОНДЫН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР ӨНӨӨДРӨӨС АЛБАН ЁСООР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд болон Монгол Улс хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22 буюу өнөөдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр болж байна.

Гурван жилийн хугацаатай байгуулсан энэхүү хэлэлцээр нь худалдааны саад тотгорыг арилгах, тодорхой ангиллын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэх, хөнгөлөх, хоёр талын худалдааны эргэлт, тэр дундаа, Монгол Улсын хөдөө аж ахуй болон малын гаралтай уламжлалт барааны экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифыг шууд тэглэх, бууруулах, тарифын хөнгөлөлт эдлүүлэх, мөн импортын тарифын квот тогтоох гэсэн дөрвөн төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлнэ.

Эдгээр бараа бүтээгдэхүүний нэр төрөл нь талуудын нийт худалдааны эргэлтийн 90 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах үүднээс улаанбуудай, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүний импортод квотын зохицуулалт тогтоох механизм хэрэгжинэ.

ЕАЭЗХ-той Худалдааны түр хэлэлцээр байгуулсан нь Монгол Улсын хувьд мах, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, түүнчлэн тус улсад үйлдвэрлэсэн олон зуун нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг тус холбооны гишүүн орнуудын зах зээлд гаалийн тарифыг тэглэсэн, эсвэл хөнгөлөлттэй тарифаар нийлүүлэх өргөн боломжийг нээж өгч байгаагаар давуу талтай.
Энэхүү хэлэлцээрийн онцлог нь зөвхөн гаалийн зохицуулалтын асуудлыг хамраад зогсохгүй, техникийн зохицуулалт болон стандартчиллын олон асуудал шийдлээ олж байгаад оршиж буй юм. Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч компаниуд эдгээр техникийн стандарт, шаардлагыг бүрэн биелүүлвэл ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд бараагаа нийлүүлэх боломжтой болох төдийгүй дотоодын үйлдвэрлэлийн чанар дээшилж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэн, монголчуудын хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний чанар нь цаашид улам сайжирна гэж үзэж байна.

Хэлэлцээрт оролцогч бүх улс хамтран хүчин чармайлт гаргаж, хэлэлцэн тохиролцсон зүйл заалтыг чанд мөрдөхөөс гадна төр захиргааны байгууллагаас эхлээд үйлдвэрлэгч, экспортлогч, хувь хүн хүртэл олон талт худалдааны тогтсон хэм хэмжээ, дүрэм журамд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандсанаар хэлэлцээрийн үр ашгийг ойрын хугацаанд бодитоор хүртэх боломж бүрдэх бөгөөд урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны бат бөх үндэс суурийг бий болгоход чухал хувь нэмэр оруулна.

Худалдааны түр хэлэлцээр нь олон талт баримт бичиг тул түүний эх хувийг англи хэлээр үйлдсэн бөгөөд энэхүү эх хувийг Евразийн эдийн засгийн комиссын албан ёсны цахим хуудаснаас татан авч, танилцах боломжтой. Монгол хэл дээрх албан ёсны хувилбарыг үзнэ үү.


Хуваалцах