"ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023" ҮЗЭСГЭЛЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023” үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд амжилттай болж өндөрлөв. ”ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023” үзэсгэлэнд төрийн 70 орчим байгууллага, 120 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо. Үзэсгэлэнгийн үзээр дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулах зорилготой уг арга хэмжээнд төрийн 70 орчим байгууллага дотоодын үйлдвэрээс худалдан авдаг бараа бүтээгдэхүүн болон 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулав. Үзэсгэлэнгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Татварын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал, хэмжил зүйн газар зэрэг төрийн байгууллагууд төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох, стандарт, тохирлын баталгаажуулалт, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийн талаар танилцуулга мэдээлэл өглөө. Төрийн худалдан авалт 2015 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс худалдан авсан дүн 60,6 тэрбум байсан бол 2016 онд 147,5 тэрбум төгрөг, 2017 онд 187,6 тэрбум, 2019 онд 225.1, 2022 онд 671 тэрбум төгрөгт хүрч дотоодын худалдан авалт өсөж байгаа нь энэ ажлын том үзүүлэлт юм.

Хуваалцах