ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРААС 2023 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНУУД
”ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023” ҮЗЭСГЭЛЭН
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023” үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд амжилттай болж өндөрлөв. ”ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023” үзэсгэлэнд төрийн 70 орчим байгууллага, 120 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо. Үзэсгэлэнгийн үзээр дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулах зорилготой уг арга хэмжээнд төрийн 70 орчим байгууллага дотоодын үйлдвэрээс худалдан авдаг бараа бүтээгдэхүүн болон 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулав. Үзэсгэлэнгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Татварын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал, хэмжил зүйн газар зэрэг төрийн байгууллагууд төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох, стандарт, тохирлын баталгаажуулалт, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийн талаар танилцуулга мэдээлэл өглөө. Төрийн худалдан авалт 2015 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс худалдан авсан дүн 60,6 тэрбум байсан бол 2016 онд 147,5 тэрбум төгрөг, 2017 онд 187,6 тэрбум, 2019 онд 225.1, 2022 онд 671 тэрбум төгрөгт хүрч дотоодын худалдан авалт өсөж байгаа нь энэ ажлын том үзүүлэлт юм.

ДЭЛХИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хүрээнд кохион байгуулах экспортод чиглэсэн бүтээгдэрүүний үзэсгэлэн худалдаа 2023.06.25-28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэн “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023”-тай хамт болж байгаагаараа онцлог болсон юм. Үзэсгэлэнд арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж оролцов. Нээлтийн үйл ажиллагаанд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар нээж үг хэллэн харин зочноор Олон Улсын Худалдааны төвийн гүйцэтгэх захирал Хатагтай Памела Кок Хамилтон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон хөгжиж буй жижиг арлын орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Хатагтай Рабаб Фатима, Дэлхийн Экспортыг дэмжих форумд оролцогч гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид болон монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоологчид оролцов.
МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод 2023 оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд "Монгол-Хятадын ЭКСПО" дөрөв дэх удаагийн арга хэмжээ зохион байгуулагдаж олон улсын 3000 аж ахуй нэгж оролцсоноос 500 нь Монгол улсын арьс шир, ноос, ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байв. Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүлж, албан ёсны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй УИХ, Засгийн газрын төлөөлөл оролцов. Арга хэмжээний эхний өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Экспо”-гийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болон тус арга хэмжээний хүрээнд зохиогдсон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засаг” сэдэвт чуулга уулзалтад оролцож, үг хэлэв. Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар чуулга уулзалтад илтгэл тавьж оролцсон бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулав. “Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн дор зохиогдож буй “Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн Экспо” нь хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн үзэл санаанд нийцүүлэн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой тус экспо жил ирэх тусам цар хүрээгээ тэлж байна.
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД- ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2023”
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ 18 дахь жилдээ 2023 оны 09 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 18 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаанд нийслэл болон орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуй нэгж 3000 гаруй бүтээгдэхүүнээрээ оролцлоо. Энэ онд уг арга хэмжээ нь Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилгын дор хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Нэгдсэн арга хэмжээг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэлсэн ба Сайд Х.Болорчулуун өнгөрсөн онтой харьцуулахад үр тариа, хүнсний ногооны ургац 20 хувь, малын тэжээл 40.0 хувь, жимс, жимсгэнэ 25 хувиар өсөхөөр урьдчилсан баланс гарсныг нээлтийн үгэндээ дурдлаа.Тус арга хэмжээний шилдэгүүдмйг тодруулж аж ахуйн нэгжүүдийн шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, ХШҮДАГ-ын дарга Б.Санчирдорж, УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг нар гардуулж, баяр хүргэлээ.
Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбар
- Шилдэг шинэ бүтээгдэхүүн - Апу дейри ХХК - Лактозгүй сүү
- Импортыг орлох шилдэг хүнс - Дархан-Уул аймгийн иргэн Б.Оюунцэцэг - Золбоо зөгийн бал
- Орон нутгийн шилдэг хүнс үйлдвэрлэгч - Хөвсгөл аяны жолоо ХХК
- Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч - Шинэ амттан ХХК
- Экспортын шилдэг хүнс - Хүнс комплекс ХХК – Кето ветчина
- Шилдэг аймаг - Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
- Онцлох шимт хоол, хүнс - Хангай миллс ХХК - Бүхэл үрийн гурил
Газар тариалангийн салбар
- Шилдэг сум - Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газар
- Ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин - JICA Өвсний үндэс төсөл "Бөөрөнхий сонгины шинэ сортыг нутагшуулах замаар брэнд бүтээгдэхүүн үүсгэн түүний борлуулалтын гинжин хэлхээг бүрэлдүүлэх төсөл" Агрономч Д.Батцэнгэл
- Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин - Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ч.Долгорсүрэн
- Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн С.Оюунтүлхүүр
- Шилдэг жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Д.Баттөр
- Шилдэг аж ахуйн нэгж - Хэнтий амгийн Мөрөн сумын "Ургац өргөө” ХХК
- Шилдэг жимсчин - Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Энхзаяа
- Шилдэг хоршоо - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Бүтээлч шаамар хоршоо”
Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбар
- Онцлох шинэ бүтээгдэхүүн - Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо ГҮТББ - Цэцэрлэгийн хүүхдийн “Найзууд” биеийн тамирын хувцас
- Онцлох шинэ бүтээгдэхүүн - Юргана индастри ХХК - "Ургана брэнд"-ийн жамц давстай шүдний ОО
- Экспортын шилдэг бүтээгдэхүүн - Жинстмөрөн ХХК - Хөх сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн
- Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн - Монкрем ХХК – Хүүхдийн арчилгааны Маалай моолой брэнд
- Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн - Хийлэн хийц ХХК – Хийлэн брэнд
- Шилдэг хоршоо - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Эхэн сүвэйн баялаг хоршоо"
- “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогч - Урлахуйн жигүүр ХХК
- “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогч - Батэм ХХК